Морин хуурын чуулга ”Сувдан театр”-т тогложээ
2016-05-13

 

Энэ сарын 9-нд  Бээжин хотноо олон улсын ардын хөгжмийн “World Music Series best of Asia”  наадам болж өндөрлөлөө. “Азийн шилдэг хөгжим” уриатайгаар зохион байгуулагдсан эл наадамд Улсын Филармонийн морин хуурын чуулга оролцоод иржээ

 

 Тус наадамд Ази тивийн 10 гаруй ардын хөгжмийн чуулга оролцсон аж. Манай улсын морин хуурын чуулгын уран бүтээлчид тус фестивальд БНХАУ-ын Бээжин хотын “Сувдан” театрын урилгаар тоглосон байна.

 Тоглолтоор хөгжмийн зохиолч М.Довчин, Н.Жанцанноров, Б.Чинбат нарын “Монгол аялгуу”, “Бурхан Халдун”, “Жингийн цуваа”, “Уужмын зүүд, их хааны аравт” зэрэг бүтээлийг морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан эгшиглүүлжээ.

 

Мөн уртын дуучин Б.Мөнхбаатар “Ай Нанаа”, “Хөх торгон цамц”,”Тунгалаг тамир” уртын дууг дуулж, хөөмийч Н.Ашит, ятгач О.Мөнхтогтох нар болон ятга, морин хуурын дөрвөл хөгжимчид ая эгшгээ өргөсөн байна.

 

Тус чуулгынхан өмнө нь “Сувдан” театрт 2008 онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 59 жилийн ойгоор тоглож байсан. Энэ удаа тус театрын албан ёсны урилгаар хоёр дахь удаагаа тоглоод иржээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин