Эхлээгүй чуулган завсарлалаа
2016-05-13

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байсаар үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Өглөө 09.00 цагт эхлэхээр товлогдсон хурал гишүүдийн ирц бүрдээгүйгээс хүлээгдсээр байсан юм. Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж даргалж буй. Тэрбээр өглөөний 10.00 цагаас хойш МАН-ын гишүүдийг ирцэндээ орохыг гуйж, эцэстээ үдээс хойших хуралдаанд МАН-ын бүлгийг ядаж хоёр гишүүнээ ирцэнд оруулахыг шаардлаа.

 

АН-ын бүлгийн 30 гишүүн хуралдааны танхимд ирсэн. Тус бүлэг 34 гишүүнтэй бөгөөд хоёр гишүүн өвчтэй, УИХ-ын гишүүн ХХАНХ-ын сайд С.Эрдэнэ, Сангийн сайд Б.Болор нар гадаадад томилолттой байгаа юм. Мөн ИЗНН 100 хувийн ирцтэй байв.

 

Харин МАН-ын бүлгийн зарим гишүүн чуулганы танхимд ирсэн ч картаа уншуулж, ирцэндээ орсонгүй. 

 

Чуулганы үдээс хойших хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас малчдын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар мэдээлэл хийх юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин