Тэйлор Свифт: Би ганцаараа хөгшрөхгүй
2016-05-15

Грэммийн шагналт, дуучин Тэйлор Свифт өчигдөр “Teen Vogue сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдсан Каннын кино наадамд оролцсон. Таны өөрчлөлт бүгдийг гайхшруулсан?

 

-Гурван жил Каннын наадамд оролцож, олны танил гайхалтай эрхмүүдтэй уулзах боломж олдлоо. Нэг л өдөр зочноор биш шилдгийн төлөө өрсөлдөх байх. “Шилдэг дуу” номинацийн эзэн болоод зогсохыг чин сэтгэлээсээ хүсч байна. Гадаад төрхийн тухайд гэвэл би олон жил нэг л янзаараа байлаа. Тиймээс л өөрийгөө өөрчлөхийг хүссэн. Өнөөдрийн үс засалт надад таалагдаж байгаа. Харамсалтай нь зарим хүнд таалагдахгүй байгаа бололтой.

 

-Дуучны замналаа эхлүүлж байхдаа та буржгар үс, өвдгөө хүрсэн даашинз өмсдөг байсан. Харин одоо таны гадаад төрх илүү эмэгтэйлэг бас халуухан харагдаж байна?

 

-Би 26 настай. Би энэ насыг эмэгтэйлэг гэж боддог. Хүн насандаа тохирсон байх хэрэгтэй. Залуу харагдах нь чухал. Гэхдээ насаа хүндэлдэг байх нь илүү чухал.

 

-Хэдхэн жилийн дараа 30 нас хүрлээ. Хөгшрөлтөөс айхгүй байна уу?

 

-Үгүй ээ. Өнөөдрийг би үнэ цэнэтэй бас давтагдашгүй өнгөрүүлбэл би ирээдүйд харамсахгүй. Өдөр бүрийг сайхан өнгөрүүл. Тэгвэл та ирээдүйд өнгөрсөнөө бодож шаналахгүй.

 

-Мэдээж хэрэг ганц бие амжилтад хүрсэн эмэгтэйн хувийн амьдралыг асуухгүй өнгөрч чадахгүй бололтой. Хуримаа хэзээ хийх вэ?

 

-Сайн мэдэхгүй байна. Нэг л зүйлийг амлахад би ганцаараа хөгшрөхгүй. Элэг бүтэн гэр бүл бол миний мөрөөдөл. Би сайхан гэр бүлтэй болохын тулд хөдөлмөрлөж явна. Сайн хань, сайн ээж болохоо хэлж мэдэхгүй байгаа ч хичээх болно.

 

-Гэхдээ ихэнх олны танил эмэгтэйчүүд хуримаа хийх бас хүүхэд төрүүлэхээс зайлсхийдэг?

 

-Эмэгтэй хүн бүхэн ээж, эхнэр болдог. Тэд хүсэхгүй байгаа бол тоогүй хэрэг. Би гэр бүлтэй болохыг хүсдэг. Эмэгтэй хүн амьдрах хугацаандаа хүүхэд төрүүлж, айлын эхнэр болохгүй бол байгалийн хуулийг зөрчиж байна гэсэн үг. Би багаасаа халуун дулаан гэр бүлд өссөн болохоор гэр бүлийн үнэ цэнэ, хайр гэдгийг сайн мэддэг.

 

-Хүүхдийн тухайд?

 

-Охинтой болохыг хүсч байна. Миний “1989” цомогт “Охин” гэх дуу байгаа. Би энэхүү дууны үгийг бичиж байхдаа өөрийгөө ээж болсон мэтээр зүйрлэж бичсэн. Охинтой болбол эхлээд адилхан хувцас өмсөөд хотоор зугаалах болно.

 

 

-Калвин Харрис та хоёрын хайрын романс нэлээн удаан үргэлжилж байна?

 

-Тиймээ, энэ залуу надад таалагддаг. Тиймээс л алдахыг хүсэхгүй байна.

 

-Энэ залуу тун даруухан санагддаг?

 

-Тиймээ их даруухан шүү. Заримдаа дуугаа бичих үедээ дуугаа хураачихдаг. Надад энэ бүхэн таалагддаггүй.

 

-Хоёулаа хүүхэд, гэр бүлийн тухай нэлээн удаан ярилцлаа. Харрис таны ирээдүйн нөхөр биш гэж үү?

 

-Сайн мэдэхгүй байна. Үнэнийг хэлэхэд, бидний харилцаа гэр бүлийн хэмжээнд хараахан хүрээгүй.

 

-Таны дууны үг ихэвчлэн үнэнийг өгүүлсэн байдаг. Та уулзаад, салсан залуудаа хүртэл дуу зориулан бичдэг. Та хүүхэд нас, мөрөөдлийн тухай бичдэг?

 

-Хайр ямар өнгөтэй гэдгийг хэн ч мэдэхгүй. Би дуугаараа үнэнийг өгүүлэхийг хүсдэг. Хайр гэх зүйлийг чин сэтгэлээрээ мэдрээд дараа нь цаасан дээр бичихэд ямар өнгө гардаг гэж бодно. Анхны хайртайгаа учраад би түүнд зориулан дуу бичиж байсан. Тэр үед миний зүрх сэтгэлээсээ ягаан, ногоон өнгө ялгарч байсан. Ямар хурц байсан гээч. Харин салалтын дараа миний зүрхнээс саарал өнгө гарсан. Бодит түүх хүмүүст их таалагддаг. Хүмүүс миний дууг сонсдог гол шалтгаан энэ гэж бодож байна.

 

-Ижил хүйстнүүдийн дурлалын тухай таны бодол?

 

-Би тэднийг дэмждэг. Бүх хүн хайрлуулах эрхтэй. Бэлгийн чиг хандлагаасаа болж бусдад дээрэлхүүлэх нь хууль бус. Миний бодлоор бүх улс тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, ивээлдээ авах хэрэгтэй. Тэд нуугдах биш бидэн шиг эрх чөлөөтэй амьдрах цаг нь ирсэн. Тэд хэтэрхий олон жил сүүдэрт амьдарлаа.

 

-Хэрвээ таны ойрын хэн нэгэн дээрх замыг сонговол?

 

-Тэр удаан хугацааны турш бодож байж шийдвэрээ гаргасан байх. Тиймээс би түүнийг шийдвэрийг өөрчлөх эрх байхгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин