Төрийн түүхийн музей Бурхан халдуныг онцолжээ
2016-05-18

Өнөөдөр Олон улсын музейн өдөр. Энэ жил уг өдрийг “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн дор тэмдэглэж байна. Энэ нь түүх соёлын баялаг уламжлалтай, байгаль дэлхийтэйгээ ойр ёс заншилтай монголчуудад болон Монголын музейнүүдэд чухал ач холбогдолтой юм байна.

 

 

Төрийн түүхийн музей энэ өдөрт зориулан өнөөдөр төрийн түүх, ёслол уламжлалын шинж чанарыг агуулсан арга хэмжээг зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд соёлын өвийн дурсгалт газар сэдэвт холбогдох монголчуудын төрийн тахилга тайлгын түүх, уламжлалыг харуулсан мэдээлэл, танилцуулгыг бэлтгэжээ. Ингэхдээ төрийн тахилгатай арван уул, түүний дотор Бурхан халдун уулыг онцлон үзүүлсэн байна.

 

Бурхан халдун уул нь монголчуудын түүх соёлын өв бүхий дурсгалт газар төдийгүй Эзэн Чингис хааны түүхэнд шууд холбогдох ариун дагшин хайрхан бөгөөд Чингис хааны зарлигаар үеийн үед тахиж байхаар тогтоосон түүхтэй юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан халдун уулыг 1998 оноос эхлэн төрийн хэмжээнд тахиж тайх зан үйлийг сэргээн хийж эхэлжээ. Монголчуудын эртний түүхт Бурхан халдун уулыг Засгийн газрын тогтоолоор 2013 онд  “Монголчуудын үндэсний бахархалт хайрхан” хэмээн зарласны зэрэгцээ өнгөрсөн 2015 онд ЮНЕСКО-гоос соёлын өвийн ангиллаар Бурхан Халдун уул болон түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг дэлхийн өвд бүртгэн батламжилсан нь нийт монголчуудын хувьд баярт мэдээ болсон юм.

 

Энэ ташрамд ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өв, байгалийн шим мандалт бүс нутаг ангиллуудад Монгол Улсаас ямар ямар дурсгал бүртгэгдсэн байдгийг музейд батламж гэрчилгээ холбогдох тайлбарын хамт дэлгэн үзүүлж байгаа ажээ.


Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өв буюу байгаль газарзүй, соёл уламжлалын уугуул газар орон ангилалд 4, соёлын биет болон биет бус, баримтат өв, яаралтай хамгаалах өвийн ангилалд 17, Байгалийн нөөц газар, шим мандалын ангилалд 6 нийтдээ 27 өвийг бүртгүүлсэн байдгийг энд үзүүлсэн байна. 
 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Ene muzei haana baidag um be ?
2016-05-18