Энэ амралтаар “Трубадур” дуурьтай
2016-05-18

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Ж.Вердийн  “Трубадур” дуурийг  энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.

 

Суут хөгжмийн зохиолч Дж.Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Трубадур” дуурийг анх 1853 оны нэгдүгээр сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан. Харин манай театрт 1993 оны нэгдүгээр сарын 16-нд тайзнаа тавигдаж байжээ.

 

Тус бүтээл нь А.Г.Гутеьерресын “Трубадур” эмгэнэлт жүжгээс сэдэвлэсэн дөрвөн бүлэг найман үзэгдэлтэй дуурь юм. Дуурийн үйл явдал XV зууны Испани оронд өрнөдөг. Иргэний дайн, хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт бүхэн дуурийн үзэгдэлд гарах бөгөөд Манрико, гүнтэн Ди Луна хоёр ах дүү хэдий ч үүнийгээ мэдэхгүй.  Хөгшин цыган  Азучена хоёр хүүгийн ааваас эхийг нь хөнөөсний өшөөг авахаар бяцхан Манриког хулгайлж, өсгөн хүмүүжүүлсэн учраас тэр юм. Тэд Леонора гэх үзэсгэлэнт эмэгтэйд сэтгэл алдарч, хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэлдэж, ах Ди Луна нь төрсөн дүүгээ хөнөөж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

 

Дуурийг энэ сарын 21,22-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин