Владимир Ткаченко Монголд тоглоно
2016-05-18

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ОХУ-н Буриад улсын  Филармонийн ерөнхий удирдаач, гоцлол хөгжимчин Владимир Сергеевич Ткаченко манай улсад "Classical Music Concert" тоглолтоо хийхээр болжээ.

 

Тус тоглолтыг хоёр орны хамтын ажиллагааг  бэхжүүлэх өргөжүүлэх, сурталчлах зорилгоор “Жамъян төв” ТББ санаачлан зохион байгуулж буй юм байна. ОХУ-ын сонгодог хөгжмийн гол төлөөлөл, эрдүү хийлч Владимир Ткаченкогийн тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж.  

 

Тоглолтын нэгдүгээр хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Г.Ф.Телеман, Герман – Английн хөгжмийн зохиолч Г.Ф.Гендель, Италийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч П.Нардини нарын эрдүү хийлд зориулан бичсэн  концертууд тоглох аж.

 

Тоглолтын хоёрдугаар хэсэгт: Германы хөгжмийн зохиолч Л.В.Бетховены симфони №5 (до минор). Энэхүү симфони нь Л.В.Бетховены хамгийн алдартай симфони бөгөөд дэлхийн улс орон бүрд байнга тоглогддог бүтээл юм. Тоглолтод УДБЭТ-ын Симфони найрал хөгжим ,Монгол Улсын Филармонийн хийлч М.Хулан нар оролцох аж.

 

Тоглолт ирэх сарын 8-нд 19.00 цагт УДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин