“Номын баяр”-т саатаарай
2016-05-20

Гэрэл зургийг MPA.MN

 

“Чингисийн талбай”-д  “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр болж байна. Энэхүү баярыг НЗДТГ-аас “Найрсан Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номд дурлаж мэдлэгт шүтэх Найрсаг хотын иргэд” уриан дор зохион байгуулж буй. Арга хэмжээний нээлтэд НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл, хамтран зохион байгуулж буй “Элит” олон улсын сургуулийн захирал Тургут Карабулут болон ахмад яруу найрагчдын төлөөлөл оролцов.

 

НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уламжлал болгон номын баярыг  тэмдэглээд олон хавартай золгож байгаа билээ. Энэ жилээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд оюуны бүтээлийн уулзвар болж ““Ulaanbaatar book fair” олон улсын номын баярыг бид зохион байгуулж байна. Мөн Монгол Улсад түр болон байнгын оршин суугаа гадаадын иргэдэд өөрийн улсын түүх намтар, утга зохиолыг сонирхох боломжийг бүрдүүлэхээс гадна номыг дээдлэн хүндэлдэг, номод дуртай хэн бүхэнд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд энэхүү баяраар дамжуулан дэлхийн алдартай зохиол, бүтээлийг уншиж, судалж оюуны их сэтгэлгээгээ тэлэх алтан боломжийг нээж өгч буйгаар ач холбогдолтой юм. Миний өвөө “номын хүч их” гэж хэлдэг байсан. Ном биднийг түх цаг хугацаагаар аялуулж, ирээдүйн сайн сайханд хүргэдэг гайхамшиг юм. Энэхүү гайхамшигт бүтээлтэй нэгэн дор танилцах боломжийг энэ үйл ажиллагаагаар олгож байна. Номын цагаан буян дэлгэрэх болтугай” хэмээв.

 

Манай улсад номын баяр 19 дахь жилдээ зохион байгуулагдаж буй юм. Энэ удаагийн баярын онцлог нь 7-8 орны 100 гаруй хүүхэд, залуучууд  анх удаагаа хүрэлцэн ирж өөрийн орны соёлыг сурталчилж буйгаар онцлогтой аж. Тэд энэ өдрийн 15.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болох “Хорвоогийн олон өнгө” урлагийн тоглолтод оролцоно. Түүнчлэн Монгол Улсад түр болон байнгын оршин суугаа Солонгос, Герман, Хятад, АНУ, Япон зэрэг улсын иргэд үндэсний хувцас болон хоол хүнсний танин мэдэхүйн үзэсгэлэнг дэлгэсэн байна. Тэдэнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

 

Англи Улсын иргэн Mikaela: Манай улсаас хүүхдүүд ирсэн
-Би Англи хүн. Монгол Улсад сүүлийн гурван жил амьдарч байна. Өнгөрсөн жил энэхүү үйл ажиллагаанд оролцож өөрийн орны соёлыг танилцуулсан. Маш сайхан болсон. Энэ жил ч соёлын нэгдэл, танилцуулга сайхан болж байна. Сэтгэгдэл өндөр байна. Өөрийн орны соёлыг Монголчуудад танилцуулах эргээд Монгол улсын түүх соёлоос суралцаж, мэдэж авах боломж олдож байгаад баяртай байна. Энэ удаагийн арга хэмжээнд оролцохоор манай улсаас хүүхдүүд ирсэн байгаа. Тэд өнөөдөр болох “Хорвоогийн олон өнгө” урлагийн тоглолтод оролцох юм.

 

 

 

А.Билгүүнсайхан: Анх Монгол улс таалагдаагүй
-Би Австралид төрсөн. Монголд  ирээд 11 жил болж байна. Би “Элит” олон улсын сургуульд сурдаг. Австрали, Монголын эрлийз гэж хэлж болно. Анх Монголд ирээд учраа олохгүй эргэлзсэн гайхсан байдалтай байсан учраас Монгол улс анх таалагдаагүй. Хүмүүс нь ч сонин санагдсан. Одоо бол ерөнхийдөө зүгээр дээ. Одоо би энэхүү үйл ажиллагаанд бүжиглэнэ. Сэтгэл маш их хөдөлж байна. Бид сургуулиараа энэ арга хэмжээнд оролцож байгаа.

 

 

Cardine Da Silva: Монгол маш гоё улс
-Би Бразилаас ирсэн. Сүүлийн дөрвөн жил Монголд амьдарч байна. Мөн “Элит” олон улсын сургуульд сурдаг. Өнөөдрийн энэ үйл ажиллагаа надад маш их таалагдаж байна. Яагаад гэхээр би өөрөө бүжиглэх дуртай. Одоо олон өөр сургуулийн найзуудтайгаа энэ талбайд флашмоб бүжиглэнэ. Тийм болохоор маш гоё байна. Тэгээд бас олон орны хүүхдүүд өөрийн өөрийн улсын соёлтой солилцон танилцаж байгаа нь сайхан санагдаж байгаа. Монгол Улс маш гоё, хүмүүс нь ч гоё. Ер нь надад их таалагддаг.

 

Олон улсын хүүхэд, залуусаас гадна манай улсын  “Мир ном”, “Интер ном” зэрэг  100 гаруй ном хэвлэлийн байгууллага номын баярт оролцож байгаа юм байна.  Хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалж байв. Тухайлбал, “Мир ном” ХХК бүх номоо 10-50 хувийн хямдралтай үнээр худалдаалж байна. Сюзан Коллинсын “Өлсгөлөн тулаан” номыг 17 мянган төгрөгөөр худалдаалдаг бол энэ өдөр 13 мянган төгрөг болгон хямдруулжээ. Түүнчлэн “Али Баба ба дөчин дээрэмчин”, “Аладдины шидэт дэнлүү” зэрэг хүүхдийн ном 22 мянгаас 30 хувь хямдран 15 мянга 400 төгрөгөөр, “Алиса гайхамшгийн оронд” ном 35 мянгаас 30 хувь хямдарч 24.500 төгрөгөөр борлуулагдаж байв.  Номын хямдралтай худалдаа энэ сарын 20-21-нд 20.00 хүртэл үргэлжлэх юм.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Баярын үеэр АУЗ Т.Галсан, П.Бадарч зэрэг ахмад зохиолчид ирсэн харагдав. Тэд  хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоос гадна “Ном яръя, кофе ууя” чөлөөт ярилцлагаар хүүхэд, залуустай уулзах аж.

 

АУЗ П.Бадарчтай цөөн хором ярилцахад “Номын тухай би нэг л үг хэлмээр байна. Хүний оюун ухаан бол мөнхөд биш ч уламжилдаг. Ямар ч эрдэм номтой эрдэмтэн байлаа ч гэсэн оюун ухаан нь номонд л үлдэнэ шүү дээ. Тийм учраас ном бол оюун ухааны уламжлалыг хадгалж байдаг эрдмийн их сайхан зүйл. Махны зах гардаг. Цагаан идээний зах гардаг. Хувцасны зах гардаг. Гэтэл хамгийн дээд номын зах гардаггүй байсан. Харин Монгол Улсын зарлигаар энэ ажил эхэлсэнд би их баярлаж явдаг” хэмээв.

 

Ийнхүү олон улсын номын баяр соёлын олон талт арга хэмжээгээр энэ өдрийн 20.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Номын үнэ цэнэ, хэрэглэж байгаа ухаалаг утаснаас илүү гэдгийг ойлгуулах, номонд дурлагсад дэлгүүрийн үнээс илүү хямдаар авах боломж олгохыг зорилго болгон ажиллаж байгаагаа зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд хэлж байсан юм.

 

Дүү нь “Али Баба ба дөчин дээрэмчин” үлгэрийн ном авна гэнэ. Ах нь “Өлсгөлөн тулаан” уншина  гэнэ. Ээж нь хоёр хүүхдээ өхөөрдөж инээвхийлнэ.  “Чингисийн талбай”-д хүүхдүүд олноор цуглажээ. Бүгд л ном хайж, сурж, сонирхож харагдана. Улсын ирээдүйг бүтээлцэх хүүхдүүд ном уншиж байгаа нь хичнээн сайн хэрэг билээ дээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bayar:
ok
2016-05-21
Зочин:
Mongol mine, mongoliin mine ireedui gerel gegeetei bna.
2016-05-21
Зочин:
barag divaajin
2016-05-20