Хадны зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
2016-05-27

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Монголын үндэсний музейд өнөөдөр “Дэл уулын хадны зураг” үзэсгэлэнгийн нээлт боллоо. Үзэсгэлэнг Монгол Улсын Үндэсний музей,  “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ хамтран зохион байгуулав. Уг үзэсгэлэнд Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл ууланд орших эртний хүмүүсийн бүтээсэн хадны зургуудын гэрэл зураг, тэдгээрээс сэдэвлэн зураач, барималчдын туурвисан бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан оролцож, үг хэлэв. Тэрбээр “Монгол Улс зөвхөн газрын хэвлийнхээ баялгаар гайхамшигтай биш, Монгол орны уул, хад хүртэл дэлхийн хүн төрөлхтний соёлын өвийг биедээ тээж ирсэн гайхамшгийг энэ үзэсгэлэнгээс харах болно.

 

Монголын Алтай, Хангай, Хэнтий, Саяны салбар уулсуудад нийтдээ 500 гаруй хадны зургийн цогцолбор газар бий. Өнөөдрийн энэ үзэсгэлэн Монгол Улсын үндэсний музей, “Чулуун шастир” ТББ, “Дэл уулын гайхамшиг” ТББ-ын санаачилга, зүтгэлээр үүдээ нээж байна. Үзэсгэлэнд 9 бээр газар дахь 9000 гаруй янз бүрийн амьтны дүрс зураг, олон янзын хүний зураг, мөн эртний бичгийн соёлыг харуулсан ховор нандин соёлын өвийг дэлгэн харуулж байгаа юм.

 

Хадны зураг бол зөвхөн зураг биш, бидний өвөг дээдсийн асар үнэтэй өв юм гэдгийг бид бүхэн мэдэх хэрэгтэй байна. Энэ ажил дөнгөж эхэлж байна. Монгол орон даяар байгаа хадны зургийг бүртгэлжүүлэх, архивжуулах, хамгаалах, хайрлах ажлыг ялангуяа нутгийн иргэд, малчид, эрдэмтдийн хамтын ажиллагаагаар хийх олон ажлын эхлэл дөнгөж тавигдаж байгаа юм” гэв.

 

“Хаданд мөнхөлсөн урлаг: Түүх, ойллого, ярилцаан” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах гэж буй. Энэ хүрээнд уг үзэсгэлэнг дэлгэжээ. Мөн бага хурлын үеэр Алтайн хадны зургийн тусгай альбом зураг гаргаж, С.Дуламын цомнолооор бүтээсэн, хадны зургаас сэдэвлэсэн бүжгэн жүжгийг олонд хүргэх юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин