Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
2016-06-07



УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан “Монголын мэдээ” сонин хотын тойргуудыг тоймлон цувралаар хүргэж байгаа билээ. Даваа гарагийн дугаартаа нийслэлийн Хан-Уул, Багахангай дүүргийг онцолсон бол өнөөдөр нар зөв эргэн СХД-т нэр дэвшигчдийн талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.  

СХД нэр төртэй, хүч, чадалтай бүсгүйчүүдийн  тулааны талбар болно

Хүн ам ихтэй, нутаг дэвсгэр  нь ч том гэх утгаар нь  СХД-т  энэ удаад зургаан мандат олгожээ. Тодруулбал, УИХ-ын 71-76 дугаар тойргууд.  Эдгээр тойрогт МАН-аас “Монполимет” группийн Ц.Гарамжав,  Монгол Улсын Шадар сайдын зөвлөх асан  Н.Учрал, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, СХД-ийн ИТХ-ын дарга асан Х.Нямбаатар нар Ардчилсан намаас нэр дэвшиж буй  СХД-ийн Ардчилсан намын үүрийн  дарга  Ө.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Засаг дарга М.Чинболд, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Шударга өрсөлдөөний хэмээгддэг О.Магнай нар тулжээ.

Харин МАХН-аас  “Бизкон” ХХК-ийн ерөнхий захирал, Засаглалыг дэмжих зөвлөлийн тэргүүн, Монголын дотоод аудиториудын институтийн тэргүүн Л.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч Б.Оюунбилэг, Анагаах ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн,  О.Цолмон /Н.Энхбаярын эхнэр/,  МАХН-ын Нарийн бичгийн дарга  Г.Бямбасүрэн  нар нэрээ дэвшүүлжээ.

Бие даагчдын тухайд Н.Түвшинжаргал, Иргэний шударга шүүхийн Х.Бат-Ялалт,  Д.Батболд, г.Алтаншагай, Г.Цоож нар  үзэх нь ээ.  Нэр дэвшигчдийн байдлаас харахад УИХ-ын бусад тойргоос ялгагдах онцлог энд  олон байгаа биз. Монголын улс төр дэх нэр нөлөө бүхий бүсгүйчүүд мөн энд л тулалдах жишээтэй.  Тэгэхээр цусгүй тулаан УИХ-ын 71-76 дугаар тойрогт болох нь  гэж дүгнэж болно. Ингээд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдгийг өгүүлье.

СХД-ийн 71 дүгээр тойрогт МАН-аас мандат өвөртөлсөн Ц.Гарамжав хэмээх бүсгүйн талаар сураг дуулаагүй хүн ховор. Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан тэрбээр уул уурхайн салбарт цахиур хагалж яваа нэгэн.  Тэрбээр “Монполимет” группиэ 1992 онд байгуулсан. Эдүгээ уул уурхай гэлтгүй барилгын салбарт  хөл тавьж,  хуурай аргын цементийн үйлдвэрийг барьж ашиглалтад оруулсан.  Ц.Гарамжав нь   2015 оны “Азийн хүчирхэг 50 бизнес эмэгтэй” жагсаалтад  Монгол Улсаас анх удаа багтсан бизнесмэн. 

Тэрбээр арван жилийн 33 дугаар сургууль,  МУИС-ийн Инженер геологийн ангийг тус тус төгсчээ.  Ажлынхаа гарааг  Улсын барилгын зургийн төв институтийн /УБЗТИ/ Геологийн товчоонд лаборантаас эхэлж, техникч, лаборантаас авахуулаад лабораторийн эрхлэгч хүртэл арав гаруй жил ажиллаж улмаар уул уурхайн   бизнест хөл тавин салбартаа “төмөр хатагтай” гэгдэх хүртлээ байр сууриа тодорхойлсон металлургич. Түүнийг зарим нь гүжирмэг, чанд хатуу гэх нь бий. Харин тус тойрогт Ардчилсан намаас Ө.Пүрэвбаатар  дэвшиж буй. 

Түүнийг мэдэх нэг нь мэднэ. Гэхдээ хязгаартай. Эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан гэх утгаар нь энэ  салбарын инженер, техникчид нь бол гадарлах эс бөгөөс сургийг нь дуулсан байх. Морь уядаг, хурдан удмын хэдэн сайхан адуутай гэдгээр нь уяачид мэдэх биз. Харин СХД-ийн жирийн иргэд бол мэдэх ч үгүй, дуулаа ч үгүй.   Дүүргийн намын хорооны гишүүдийн тухайд намаа хоёр хуваасан нөхөр л гэлцдэг юм билээ.

УИХ-ын 72 дугаар тойрогт МАН-аас Н.Учралыг илгээжээ.  Ням-Осорын  хүү гэдгээр нь хүмүүс  мэддэг ч тэрбээр боловсрол, мэдлэг, өөрийгөө боловсролын салбарын зах зээлд гаргаж ирсэн байдал зэргээрээ Монголын  мянга мянган залуучуудад үлгэр жишээ болж яваа нэгэн.  Харин залуучууд түүнийг Темон гэдэг нэрээр нь бас андахгүй.  Их урлагийн тайзнаа хэсэг цовхчоод үзсэн эр. Рояль академийг байгуулж, тэргүүнээр нь ажилласнаасаа хойш ихэд төлөвшсөн гэж ярих хүмүүс ч байдаг л юм билээ.

СХД-т шинэ улстөрч, шинэ өнгө гарч байгаагийн илрэл нь Н.Учрал юм.  Түүнтэй  УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг учирч буй.  Өмнөх сонгуульд тэрбээр “Монос”-ын Эрдэнэчимэг хэмээн овоглогдож байсан бол эдүгээ Эрдэнэчимэг гишүүн гэгдэх болжээ.  Тэрбээр сонгинохайрханчуудыг төлөөлөн УИХ-д дөрвөн жил ажиллахдаа гишүүнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн. Тамхины хяналтын тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээ, Гэр бүлийн тухай хууль гээд нийгэмд үгүйлэгдэж байсан хэд хэдэн хуулийн төслийг санаачилж батлуулсан гавьяатай.  

Хэнтэй, хаана юу ярихаа мэддэг, өөрийгөө ч хэрхэн рекламдахаа мэддэг түүнд Ням- Осорын хүү үдийн будаа мэт санагдаж байж мэдэх л юм.  Дүүргийнх нь нам түүний нэрийг УИХ-д дэвшүүлэхгүй хэмээн унагааж орхисныг эс тооцвол  тэрбээр иргэд сонгогчдынхоо итгэлийг нэг их алдчихаагүй биз.

УИХ-ын 73 дугаар тойрогт МАН Долгорсүрэн зааны хүүг дахин илгээжээ. Мань эр ч тойргоо дөрвөн жилийн турш бөөцийлсөн.  Түүний иргэд сонгогчдоо илгээсэн тайлангийн хуудсыг эргүүлж тойруулан харж байхад зөндөө ажил хийжээ. Харин иргэд нь түүнийг юу хийж бүтээснийг сайн мэдэх тул “ Сумъяа бусдын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр зураг хөрөгтэй нь тавьчихаж” хэмээн инээлдэж буйгаас үзвэл тэр зальжин нэгэн бололтой.  Тойрогтоо ажиллах нэрээр хөгшдийг жаал тойлсон юмдаг уудаа. Хөгшчүүдийг амралт, сувилалын газарт амруулсан талаараа бичиж, зураг хөргөө авахуулсан байна лээ. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд цөөн харагддаг гишүүдийн нэг. 

Хаана юу хийж явсан юм бол. Санаачилсан хуулийн төсөл гэж дуулдаагүй. Харин ажлын хэсэгт багтаж ажилласан хэд хэдэн хуулийн төсөл байна лээ. Боловсролын хувьд ч  бяд шигээ цойлсон нь юу л бол.  Тэгээд ч тамирчид сургуулийнхаа нэр хүндийг сайн гаргах аваас тэгс хийж байгаад төгсчихдөг юм хойно. Ер нь бөхчүүд Манжийн үеэс хор найруулж сурсан улс байдаг. Дандаа хүнээс юм авдаг болохоор бусдад  гар сунгаж, буян үйлдээд байдаггүй зантай. Сумъяагийн хувьд бусдаас авах шаардлагагүй ч өгч байна, буян үйлдлээ гэж дуулдаагүй. Ийм нэг бөхчин, улстөрч СХД-т дахин нэр дэвшиж байгаа юм байна. Түүний өөдөөс Ардчилсан  нам дүүргийн Засаг дарга М.Чинболдыг тавьжээ. 

Хүүхдийн гэмээр гэнэн хонгор зантай болохоос биш түүнийг хий гээд тавьчихсан байхад ард нь гарахын төлөө зүтгэдэг сайн талтай нэгэн.  Улстөрчийн хувьд алдсан нь бий л байх, оносон нь ч бий. Гагцхүү оносон их учраас дүүргийн иргэд түүнд сайн байдаг  биз ээ.   Ямартай ч дүүргийнхээ төсвийг дэмий зүйлд үрээгүй. СХД өнөөдөр гэрэлтүүлэгтэй, замтай болсон байна лээ. Өмнө нь тас харанхуй ертөнц ноёлсон, хур хогондоо дарагдсан тийм л дүүрэг байсныг санаж байна.   Одоо түүнийг санах хүн бараг л байхгүй биз. Ингэж л тэрбээр дөрвөн жилийн хугацаанд дүүргийнхээ өнгө зүсийг өөрчилж чадсан юм. Гэхдээ СХД-т хийх ажил зөндөө. Ядаж л захиргааныхаа навсгар байшингаас салах цаг болсон.

УИХ-ын 74 дүгээр тойрогт МАН “урвагч” Д.Тэрбишдагвыг илгээжээ. Түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай хөтлөлцөөд гүйж явсныг нь түмэн мэднэ. Харин эдүгээ нүүр буруулсан. Бараг л Энхбаяр гэвэл  “танихгүй, тийм хүн байсан бил үү” гэж мэднэ.  Мань эр жагсаалтаар дахин УИХ-д гарна гээд тойргоо тас мартчихсан явснаа асуудал бишдэнгүүт аргагүйн эрхэнд очсон. Үнэндээ түүний нэрээр овоглогдох ажил тус дүүрэгт ганц ч байхгүй. Боловсрол мэдлэгийн тухайд бол нэр дэвшигчдийн дотроос  чадалтайд нь багтана.

Ардчилсан намаас тус тойрогт өрсөлдөж буй Б.Ургамалцэцэгийн хувьд улс төрийн өндөр боловсролтой, манай улсын лидер бүсгүйчүүдийн нэг. Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан. Эдүгээ Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж буй.  Тэрбээр МУБИС-д сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн   Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр, АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуульд  боловсролын  магистр зэрэг хамгаалсан.   Хашсан албан тушаалын хувьд 1996-2001 оны хооронд МСДН-д улс төрийн ажилтан, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, Тамгын газарт мэргэжилтэн, 2007-2008 онд АН-ын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан, 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Хүний хэлстийн даргаар ажилласан.

АН-ын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа “Монгол хүн-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЗХ-ны гишүүдээс бүрдсэн “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн”, “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн  таван  дэд ажлын хэсгийг ахлан нэг жилийн дотор 21 аймгийг тойрон ажилласан. Б.Ургамалцэцэг нь  Ардчилсан намын “Сум-330 тэтгэлэгт хөтөлбөр”-ийг анх санаачилж хэрэгжүүлсэн нэгэн.

Б.Ундармаа. Энэ бүсгүйн овог  “Бишрэлт” болж хувирсан.   Таньж мэдэх  хүмүүс цагаан гартай л гэцгээх юм билээ.  Нийслэлийн 24 дүгээр сургуулийн сурагч тэрбээр Москвад тэр үеийн Удирдлагын дээд сургуулийг  инженер, эдийн засагч, удирдлага зохион байгуулалт мэргэжлээр төгссөн. Дэд сайдад хүртэл нэр нь дэвшигдэж, Монголын хөрөнгийн биржийн захиралд хүртэл яригдаж байсан гэхээр  намдаа үнэлэгддэг хүний шинж байх. Цахим ертөнц рүү өнгийхөд түүний талаархи сайн, муу бүхий л мэдээллийг уншиж болно. Хэрхэн дүгнэх нь сонгогч таны эрх. “Хулхи” гэж хүртэл хэлүүлсэн л байна лээ.  Түүнийг МАН УИХ-ын 75 дугаарт тойрогт илгээжээ.

Мөн энэ тойрогт УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж очиж буй. Тэрбээр уул нь цэргийн хүн. Үндсэн мэргэжил нь холбооны инженер. Дараа нь “Отгонтэнгэр”  сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгсч,  хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан. Түүний ажлын гараа салаан захирагчаар эхэлсэн ч цагаан морин жилийн хувьсгал гарахад МоАХ-ны анхдугаар их хурал болон, Монголын Ардчилсан нам байгуулагдахад тэрбээр гишүүнээр элссэнээр улс төрд хөл тавьсан байдаг. Тэрбээр өөрийгөө АН-ын алтан хараацайнуудын нэг гэж хэлдэг.

1990 оны Ардчилсан хувьсгалд ч гар бие оролцож явсан нь үнэн л дээ.  1992 оноос  АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажилласан. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг хүртэл гүйцэтгэж байв.  Тэрбээр Ардчилсан нам доторхи МОАХ фракцид харъяалагддаг.  Ш.Түвдэндорж 1999-2000 онд  буюу нэг жил гаруйн хугацаанд БХЯ-ны сайдаар ажиллаж байв. Түүнчлэн    2000 оны сонгуулиар АН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч ялагдсан.  ЗГХЭГ-ын дэд дарга, МОАХ-ны гүйцэтгэх захирал, Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байсан. 

2012 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдсон эдүгээ   Хуульзүйн байнгын хорооны даргаар ажилладаг. Гэхдээ түүнийг байнгын хорооныхоо даргын ажлыг муу хийдэг гэж гишүүд хэлдэг.

Харин УИХ-ын 76 дугаар тойрогт МАН дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатарыг явуулжээ. Түүнийг сайн мэдэх хүмүүс зайтай ч лайтай ч эр гэх юм билээ.  Паянтай л нөхдүүдийн нэг гэнэ лээ.  Өнөө алдартай хар жагсаалтад мань эрийн нэр цохиж явна лээ. Төсөл болон газрын асуудалтай холбогдож, нэрээ сэвтүүлсэн тухай  мэдээлэл нь цахим ертөнцөөр дүүрч.  Бас ханилгаагүй нэгэн байж мэдэхээр.

СХД-ийн удирдлагууд бүгдээрээ л гадаад явсан атлаа  Засаг дарга нь лайг нь үүрч, аялсан зугаалсан гэж бичигдэж, мань эр  яваагүй, зугаалаагүй  юм шиг нэр цэвэр үлдэнэ гээч.  Тэрбээр Хэнтий аймгийн гаралтай. 

Х.Нямбаатар 1996-2002 онд Орхон Их сургуульд, 2006-2008 онд Цагдаагийн академид /Хууль сахиулахын Их сургууль/, 2008-2012 онд Удирдлагын Академид суралцаж төгсчээ. Хуульч, боловсрол судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, Төрийн удирдлагын докторант зэрэгтэй. Орхон Их сургуульд хуулийн салбар шинээр нээгдэхэд багшаар ажиллах болсноор түүний ажлын гарааны эхлэл тавигджээ. 

Харин СХД-тэй хувь заяагаа холбосон нь 2009 он.  СХД-ийн ЗДТГ-т мэргэжилтэн, хэлтсийн дарга, даргын үүрэгч гүйцэтгэгч, дараа  нь 2012 оноос ИТХ-ын дарга гэх мэтчилэн шат дараатай төрийн албыг хашжээ. СХД-ийн Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн, НАМЗХ-ны холбооны дарга, МАН-ын дэд дарга, тэргүүлэгч, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчийн сонгуульт ажилтай.
Энэ эрхэмтэй  О.Магнай  учраад байгаа.  Монголын ард түмэн түүнийг Иргэний хөдөлгөөний удирдагч, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга гэдгээр нь анддаггүй. 

О.Магнай нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийг 2002 онд, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийг 2004 онд тус тус төгссөн, эрх зүйч эдийн засагч мэргэжилтэй. 2002-2005 Санхүү, Эдийн Засгийн яаманд мэргэжилтэн, 2005-2007 “Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч”,  2007 онд  ИЗН-ын ХЭГ-ын даргаар  12 сар ажилласан байдаг. Иргэний Хөдөлгөөн Намын дэд даргын албыг мөн хэсэг хугацаанд хашсан. Түүний улстөрчийн түүх сонирхолтой. УИХ-ын 2008 оны  сонгуулийн дараа болсон долдугаар  дугаар сарны нэгний үймээнтэй холбогдуулан түүнийг   цагдан хорьсон. Тэрбээр хоригдож байх хугацаандаа хуурай өлсгөлөн зарлаж байсныг нь хэн бүхэн мэддэг. Үүнийхээ дараа Ардчилсан намд элссэн юм. 

МАХН-ын нэр дэвшигчдийг Цолмон манлайлна 

МАХН өөрийн мөрийг хөөж одсон цагаас хойш МАН-ын саналыг хувааж ирсэн түүхтэй. Угсаа гарвал нэгтэй гэдгээрээ тэднийг зарим хүн эндүүрч МАН-ын гишүүн гээд нэрийг нь дугуйлж байсан удаатай.  Энэ удаад ч МАХН тус дүүрэгт өндөр ач холбогдол өгч, намын даргын гэргий О.Цолмон тэргүүтэй улстөрчдөө илгээжээ.  Г.Бямбасүрэн  гэх автын инженер УИХ-ын 71 дүгээр тойрогт МАХН-аас орж ирэв. 

Тэрбээр  олон жил намын ажил  хийж байгаа хүн. Анх  Октябрын районы МХЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга, дараа нь МАХН-ын хорооны хэлтсийн дарга,  Улаанбаатар хотын МАХН-ны хорооны арга зүйч,  эдүгээ СХД-ийн МАХН-ын хороонд дэд даргаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн дөрвөн жилд  БЗД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр ажилласан нэгэн. МАХН болоод МАН-ын ахмад гишүүд л түүнийг таниж мэдэх болохоос залуучуудын тухайд  нэр нь ч дуулдаагүй улстөрч юм.   Бас нэг  улстөрд танигдаагүй хүн бол  МАХН-аас  “Бизкон” ХХК-ийн ерөнхий захирал, Засаглалыг дэмжих зөвлөлийн тэргүүн, Монголын дотоод аудиториудын институтын тэргүүн Л.Отгонбаяр.

Түүний талаар мэдээлэл алга.   З.Баян-Сэлэнгэ хатагтай мөн л СХД-т нэр дэвшинэ. Азтай, одтой хүнийг нэрлэх хэрэг гарвал хамгийн түрүүнд Барилга, хот байгуулалтын сайд  санаанд буух бий. Улстөрчид түүнийг оймсонд хавчуулагдсан нөхөр хэмээдэг ч тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд бас ч гэж чамлахааргүй улстөрч болж хувирсан.

“Тэмцэл хийж, албан тушаал горилсондоо бус энэ нийгэмд шударга ёс тогтоохын тулд л жагсдаг” хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм жагсагч Улаанбаатар хотын уугуул.  Түүний үндсэн мэргэжил бага эмч.  Хожим 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр  дүүргэсэн юм билээ. Тэрбээр мөрдөн байцаагчаар ажиллаж байсан гэхээсээ илүү  Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байснаа өмнөө барьдаг.  

“Би насаараа Чингэлтэй дүүрэгт амьдарсан, манай дүүргийнхэн намайг мэднэ дээ” хэмээн цээжээ дэлддэг түүнийг үнэхээр ч 17 дугаар хорооныхон төдийгүй Чингэлтэйхэн андахгүй юм билээ. Гэхдээ тэр эдүгээ Зайсанд төвхнөөд удаж буй. Ямартай ч тэрбээр МАХН-ын даргад үйлчилж, түүний нөмөрт багтаж буйнхаа ачаар УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ намаасаа авчээ.

 Мөн энэ дүүрэгт олон хүний өвдгийг чичрүүлэх хатагтай бол МАХН-ын даргын гэргий О.Цолмон. Тэргүүн хатагтай гэдэг үгийг жинхэнэ утгаар нь Монголд анх оруулж ирсэн эмэгтэй. Түүнээс өмнө манай төрийн тэргүүнүүдийн эхнэр өндөр алба хашдаг нөхрийнхөө араас гарч ирдэггүй байлаа. Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчлаад байдаггүй, нам жим суудаг хэдий ч түүнийг таньж мэдэхгүй хүн ховор.

Н.Энхбаяр гэдэг хүнийг ид мандаж байх үед хүн бүхэн түүнтэй танилцаж дотносохыг хүсдэг байснаас үзэхэд О.Цолмонгийн нэр нөлөө улс төрд ямар байсныг илчилнэ.   Эдийн засагч, философич мэргэжилтэй О.Цолмон ЗХУ-ын Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн улаан  дипломтой төгссөн цөөн хүний нэг нь.   Эл хатагтайг улстөрчийн хувьд шинэ хүн гэж үзэж болохгүй.  О.Цолмон эр нөхөр Н.Энхбаяраасаа өмнө УИХ-д нэр дэвшиж, ялагдаж явжээ. Ямартай ч тэрбээр  Монголын  хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг билээ. 

Б.Оюунбилэг гэх бүсгүйн талаар бичих гэхээр намтар түүх нь ч олдсонгүй. Тэгэхээр хэн ч танихгүй нэгэн улс төрд хөл тавьж, улстөрчийн гараагаа СХД-ээс эхэлж байгаа бололтой. Том намын томчууд түүнийг зөөлхөн хоол хэмээн зооглохыг тэсч ядан хүлээж байгаа нь гарцаагүй.  Ц.Лхагвасүрэн  доктор ч мөн л энэ дүүрэгт нэр дэвшжээ. МАХН-аас ЭМС-ын сайдад нэр дэвшиж байсан тэрбээр  Анагаах Ухааны Дээд Сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. ЭМ-ийн сайдын зөвлөлийн гишүүн, БСШУ-ы сайдын зөвлөлийн гишүүн, Монголын АУ-ны Боловсрол судлалын холбооны тэргүүн, Монголын АУ-ы Боловсрол судлалын холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан.

Эдүгээ МАУА–ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Үүгээр улс төрийн намуудаас нийслэлийн СХД-т нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэх цуврал нийтлэлээ өндөрлөе. Бие даагчдын тухайд СЕХ албан ёсоор өнөөдөр тодруулах  юм.  Тэгээд ч ам яриагаар яваад байгаа нөхдүүдийг таньж мэдэх хүн цөөн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  хайгаад ч материал нь олдсонгүй. Жижиг улстөрчид жижиг л байдаг юм байна.
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дуу хуурийн өлгий Дундговь нутгийн охин юм байна ш дээ
2016-06-18
Зочин:
Адилхан эмэгтэй хүн болхоор дэмжиж байна. Амжилт хүсье.
2016-06-18
Зочин:
Б.Ургамалцэцэг 2008 оноос эхлэн Ардчилсан намын “гал тогоог барилцсан”, тэр хэрээрээ хат туршлага суусан улстөрч эмэгтэй
2016-06-18
Зочин:
Шударга, зөв бодолтой эмэгтэй шүү. АН гарсан эмэгтэйчүүдийн ганц гайгүй нь. Дэмжих хэрэгтэйдээ.
2016-06-18
Зочин:
Улс төрд хатаагдсан 20 жилийн туршлагаа Улс түмнийхээ төлөө зориулахад би БЭЛЭН! гэж хэлсэн байна ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж байгаа шүү.
2016-06-18
Зочин:
За журмын нөхөрт амжилт ялалтыг хүсье. Ялалт байгуулаад УИХ-ын гишүүний эрхээ аваад ирээрэй.
2016-06-18
Зочин:
Авъяас хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай дүү өөрийн сонирхдог уран нугаралтаар амжилттай хичээллэж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танд баяраллаа
2016-06-18
Зочин:
Namd uls turiin ajiltnaas ehelj ajilj bga olon emegteichuded hugjin dewshih bolomj bga gdgig harulj uram zorig ugsun tanid ih amjiltiig husie.
2016-06-18
Зочин:
ажилдаа томилогдоод удаагүй дэд сайд нар салбар салбарынхаа асуудлыг сөхөж эхэлжээ. Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг амралтын өдрүүдэд орон нутгийн боловсролын байгуулагуудад ажилласан байна
2016-06-18
Зочин:
330 сумийн залуучуудыг Удирдлагын академид сургаж мэплэг боловсролыг нь нэмэгдүүлсэн сайхан ажил болсон байна.
2016-06-18
Зочин:
Боловсролын салбарынхан хүүхдүүдээ их дэмждэг болжээ.
2016-06-18
Зочин:
Ухаантай хүүхэн байна өө өөрийнхөө хйиж байгаа ажилаараа бахархаж байж амжилтанд хүрнэ шүү дээ
2016-06-18
Зочин:
Дэмжинэ ээ. Тэрбишдагваас арай дээр
2016-06-18
Зочин:
СХД-ийн 30, 31-р хороог Ургамалцэцэг санаачилж байгуулсан юм байна. Мундаг байна ш дээ тэр олон айл өрхийг хаягжуулж хороотой болгоод
2016-06-18
sarnai:
erdenechimeg gishun yu hiisen hun bee..odp uurchluh tsag ni irjee Uchrald ugnuu....
2016-06-07
хулан:
Л.Отгонбаяр З.Баянсэлэнгэ Б.Оюунбилэг, Ц.Лхагвасүрэн, О.Цолмон, Г.Бямбасүрэн нарыг дэмжиж байна амжилт ихийг хийж бүтээгээрэй
2016-06-07
Зочин:
Huuchin baisan 3 gishuun bolomjooroo ajilasaan ajillasan bas muulaad ch yahav. Yalanguya Terbishdagva gishuun shig olon udaa uulzaj ajil hiisen hun tun baga. Ajliin tailangiin setguul 5-r sard irsen ikh buteelch hun bainalee. Harin yahlaaraa manai duuregt erhelsen ajilgu Tsolmon avgai, heruulch huuhnuud Oyunbileg, Bayanselenge, Urgamaltstseteg geh met abgai nar sonirhoj ireed baigag oilgihgui bn. Bidniig mulguu gej boddiin bish bzdee
2016-06-07
Zochin:
gants awah hvn ni Uchral bndaa zaluu medlegtei hvn
2016-06-07
zochin:
Uchral duugee demjij bn
2016-06-07
Зочин:
Эх сурвалжаа нягталж байж үнэн мэдээлэл тавиачээ. Хүн гүтгэх хуультай шүү сэтгүүлч гуай
2016-06-07
Зочин:
Huue durak setguulchee naad Lkhagvasuren chin bish yumaa medehgui bj yasan hudlaa zaldag gar ve
2016-06-07
Зочин:
Nileed olon hun ni jishee ni Urgamaltsetseg Zolmon Bayanselenge nar dandaa hii hooson yarigch nar bn.! Gantsh ch hund ajliin bair bii bolgoj toosgo barij uzeegui yum bn daa
2016-06-07