Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад суралцуулах оюутны тоог нэмэгдүүлнэ
2016-06-14

Монголчууд инженерүүдээ технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Японд  бэлдэж эхлээд байгаа билээ. Монгол Улсад 30 мянган инженерийн эзгүй орон зай байгаа гэсэн судалгаа бий. Өнгөрсөн 2014 онд Монгол Улсын Засгийн газраас анх удаа томоохон хөтөлбөр зарлаж, Японы Засгийн газрын зээлээр мянган инженерийг Япон улсад бэлтгэхээр болж, наймдугаар сараас бүртгэж эхэлсэн. Мөн Монгол дахь Коосэн сургуулийг ШУТИС-ийг түшиглэн байгуулаад оюутнууд элсүүлэн сургаж байгаа билээ.

 

2012-2016 онд Япон улсад 143 оюутан, бэлтгэл хөтөлбөрт 128 оюутан суралцаж байна. Ирэх дөрвөн жилд уг хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих юм байна. Мөн өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд улсын зээлийн хөрөнгөөр болон хоёр улсын засгийн газрын гэрээгээр бакалавр, магистрт суралцагчдын тоог нэмэгдүүлнэ. Ирэх дөрвөн жилд мөн дэлхийн шилдэг их дээд сургуулиудад (топ 100) суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх юм байна.

 

БСШУ-ны Л.Гантөмөр “Үйлдвэрлэгч орон болохын тулд нэн түрүүнд чадварлаг инженерүүд бэлтгэх хэрэгтэй. Япон улс гэхэд гадаадын их, дээд сургуульд чадварлаг инженерүүд бэлтгэж, тэдний мэдлэг чадвар дээр тулгуурлан өнөөгийн өндөрлөгт хүрсэн. Бид үүнээс л суралцах хэрэгтэй. Энэ улсад бид 1000 инженер бэлтгэнэ” гэжээ.

 

Б.Саран

Shuud.mn
Сонин хачин