Хүний амь аврахад заавал эмч байх албагүй
2016-06-14

 

Дэлхий нийтээрээ 2004 оноос хойш жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэх болсон. Энэ жил 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс энэхүү өдрийг “Цус амьдралын амин холбоо” гэсэн сэдэв дор “Цусаа бэлэглэж, амьдралыг тэтгэе” уриатайгаар Тусгаар тогтнолын талбайд тэмдэглэж байна.

 

2015 онд Монгол Улсын хэмжээнд нийт 30 мянга 400 орчим донор цусаа бэлэглэснээс Улаанбаатар хотод 23 мянга 372 хөдөө орон нутагт 7028 донор цусаа бэлэглэжээ. Харин энэ онд 43 донор “Хүндэт донор” цолны болзол хангаж энэ өдөр Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс “Хүндэт донор” тэмдгээ гардан авлаа. Энэ жилийн хамгийн залуу “Хүндэт донор” цол тэмдгээр 21 настай Н.Амгаланбаатар тодорсон бол “Топ өгөлттэй” донороор Д.Цэнгэлбаяр, С.Даваамаа нар тус тус шалгарав. Түүнчлэн донор элсүүлэлтийн байдлаар Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо тэргүүн байр, Монголын донорын холбооны хамт олон дэд байр, Хан-Уул дүүргийн Улаан загалмай хороо гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

 

“Хүндэт донор”-уудын сэтгэгдлийг сонслоо.

 

Н.Амгаланбаатар: Бусдын аз жаргалын төлөө цусаа өгдөг

 

-Би Зэвсэгт хүчний 120 дугаар цэргийн ангид ажиллладаг. Анх 2012 онд манай эгчийн маань хүүхэд хүнд гэмтээд цус хэрэгтэй болсон. Тэгэд би анх цусаа өгч байсан. Эгчийн маань хүүхэд одоо 7 настай. Эрүүл саруул гүйж яваад маш их баярладаг. Дүүгээ өвдөхөд л цусаа өгөөд түүнээс хойш манай дүү шиг болон хүндээр төрж байгаа эмэгтэйчүүд авто осолд өртсөн хүмүүст хэрэг болно гэж бодож цусаа өгөх болсон. Зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодолгүй 350 грамм цусаар 3 хүний амь аварна гэж бодож цусаа өгч эхэлсэн дээ. 2012 оноос хойш нийт 47 удаа цусаа өгч 21 насандаа “Хүндэт донор” болсондоо баярлаж байна. Цусаа өглөө гээд биед ямар ч сөрөг дагавар байдаггүй. Сүү зэрэг амин дэмтэй шингэн зүйлсийг л их хэрэглэж биеэ тэнхрүүлдэг. Цаашдаа ч гэсэн би бусдын аз жаргалын төлөө цусаа өгсөөр байх болно. Би архи тамхи хэрэглэдэггүй.

 

Б.Алтаншагай: Оюутан хүн өлсөөд цусаа өгдөг юм биш

 

-2010 оноос хойш нийт 42 удаа цусаа өгсөн. Нэг удаа өгөхдөө эрэгтэй хүн 400-600 грамм цус өгдөг. Ер нь цусаа өгч бусдын амь насыг аврах бол хамгийн том тус. Нөгөө талаараа бас өөрийнхөө эрүүл мэндийг хянаад явах боломжтой байдаг. Би Улаанбаатар их сургуулийн англи хэлний орчуулагчын ангийн гуравдугаар курсын оюутан. Хүмүүс цусаа өгнө гэхээр хүнд туслах буяны ажил гэдэг үүднээс харахгүй оюутан хүн өлсөө юу. Цусаа өгөхөөр цай, унд өгдөг гэсэн үнэн үү гэх зэргээр сөрөг хандлагатай хүлээж авдаг. Яагаад бид чадах чинээгээрээ бие биедээ тусалж болохгүй гэж. Би л хувьдаа цусаа хандивлахдаа дуртай байдаг. Энэ бол бусдын төлөө миний хийж байгаа маш том хүмүүнлэгийн ажил шүү дээ. Би бол ингэж л боддог. Тийм учраас залуустаа уриалж  цусаа бэлэглэцгээе гэж л хэлэх байна.

 

Ө.Алтанцэцэг: Цус өгнө гэдэг маш том буян

 

-Би 2008 оноос хойш цусаа хандивлаж ирсэн. Анхандаа бол өөрийгөө эрүүл байгаа эсэхийг хянах гэж цусаа өгсөн юм. Сүүлдээ бусдын аз жаргал, эрүүл мэндийн төлөө цусаа өгсөөр өнөөдөр “Хүндэт донор” болсондоо баяртай байна. Би нийт 34 удаа цусаа өгч болзол хангалаа. Цаашид ч би цусаа өгсөр байх болно. Насны хязгаар гэж байдаг. Тэр хязгаар хүртэл нь одоо таниас цус авахгүй гэх хүртэл нь би сайн дураараа өгөх болно. Нэг цус өгөхөд гурван хүний амь нас аварч байдаг гэдэг. Тэгэхээр 3 хүний амь нас аварч байна гэдэг миний амьдралдаа хийж байгаа маш том буян, аз жаргал шүү дээ. Тэгээд ч өөрөө эрүүл байна. Цаана нь бас өөр хэн нэгэн эрүүл болж байна гэдэг сайхан шүү дээ. Би тэгж л бодож явдаг юм. Ард иргэддээ хандаж хэлэхэд өөрт ямар ч тийм хор хохиролгүйгээр бусдадаа буян болцгооё л гэж хэлмээр байна. Хүнд буян үйлдэнэ гэдэг чинь амьд яваагийн бас л нэг аз жаргал юм шүү. Ер нь хүний амь аврахад заавал эмч мэргэжилтэй байх албагүй. Цусаа бэлэглэж чадвал та ч бас бусдын амийг аварч байна гэдгийг залуучууд сайн ойлгох хэрэгтэй.

 

Мөн энэ өдөр байгууллага хамт олноороо донорын эгнээнд нэгдсэн Монгол улсын боловсролын их сургууль, Зэвсэгт хүчний 119-р анги, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллага өргөмжлөгдлөө. Мөн донорын үйлсийг сурталчлагч шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар МҮОНРТ шалгарав.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ардчилал гэдэг үг Зоригтой хамт булшлагдсан нь үнэн түүх. АН ганцаараа ардчилалыг хийгээгүй гэдгийг монгол улс даяараа батлана. АН одоо юу гээд нэмэргүй дуугарсан болгон чинь өөрсдийгөө булшлаад байгаа гэдгээ мэддэг болосой гэж хүсэх байна. Түүх үнэнийг гэрчилнэ. АН-н түүхийг гуйвуулж булшилж чадахгүй. Түүх харин АН-г булшилж чадаж байгаа шүү. Үнэн бол түүх гэдгийг мэдэж ав АН-ынхаан
2016-06-14