Үзэсгэлэнт Мариягийн түүхийг өнөөдөр дэлгэнэ
2016-06-25

 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид энэ амралтын өдрөөр Б.Асафьев "Бахчисарайн оргилолт булаг” сонгодог бүжгийг тоглох гэж байна. Тус бүжиг монголын театрын тайзнаа тоглогдсоны 60 жилийн ой тохиож буй ажээ. Энэ талаар уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх энэхүү балет нь 1956 оны зургадугаар сарын 18-нд балетмейстер А.В. Хабаевагийн дэглэлтээр УДБЭТ-ын тайзнаа тавигдаж, монголчууд анхны балетаа үзсэн түүхтэй. Түүнээс  хойш 60 жил өнгөрчээ. Иймд  УДБЭТ-ын уран бүтээлчид тэгш ойд зориулан дахин тайзнаа тоглохоор болсон байна.

 

Энэ талаар УДБЭТ-ын захирал Ч.Мөнхзул “Энэ бүтээлийг анх тавьж байхад мэргэжлийн балетчин Монголд байсангүй. Тэр үеийн ахмадууд маань Монголд мэргэжлийн балетыг хөгжүүлнэ гэсэн шийдвэр гаргаж энэхүү бүтээлийг тавьж байлаа. Өөрөөр хэлбэл,  “Бахчисарайн оргилолт булаг” анх удаа тавигдсан мэргэжлийн, бүрэн хэмжээний балет гэдгээрээ онцлогтой. Мөн түүхийн улбааг хөөж үзвэл энэхүү бүтээл нь Монголын түүхтэй холбогдоно. Хаан Гирей угтаа монголчууд Крымийг эзэлж байх үед байсан бага хаадын үр сад гэж хэлж болно. Тэгэхээр манай дорнын түүхтэй холбоотой балет гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ бүтээл манай театрын тайзнаа 60 жил амьдарлаа” хэмээн ярьсан.

 

Уг хүндэтгэлийн тоглолтод гоцлол бүжигчин МУГЖ Г.Цолмон өөрийн ээжтэй хамтран тоглохоор онцлог юм байна. Түүнчлэн МУГЖ Ч.Ганчимэг, Б.Пүрэв-Очир, ОХУ-ын балетын бүжигчин, Япон улсын балетын сургуулийн балетмейстер багш Г.Валери нар оролцох нь ээ.

 

Энэхүү балет нь дөрвөн бүлэгтэй. Балетад хайртай залуу, эх орноосоо хагацсан үзэсгэлэнт бүсгүй Марияагийн тухай өгүүлдэг. Тэрбээр харийн хааны ордонд хайртай залуугаа санагалзан хааны түүнийг гэсэн хайраас татгалзаж хайр дурлалдаа үнэнч үлдэнэ. Гэвч хааны хатны гэрт хорлогдон хорвоог орхиж буйгаар дуурийн үйл явдал цааш өрнөнө.

 

"Бахчисарайн оргилолт булаг” балетыг энэ сарын 25,26-нд 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин