М.Энхболд: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой
2016-07-05

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар  МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргад санал болгожээ. УИХ-ын даргад нэр дэвшигчийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт  танилцуулав. Дараагаар нь нэр дэвшигч М.Энхболдоос гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:


-Танай нам сөрөг хүчин байхдаа УИХ-ын дарга ялсан намын дарга байх нь шаардлагагүй гэж байсан. Яагаад энэ зарчмаасаа ухарсан бэ?

 

МАН-ын дарга М.Энхболд:


-Манай намын дүрэмд Ялсан намын дарга Ерөнхий сайд байж болно гэсэн. Түүнээс “байна” гэж заагаагүй. Энэ дөрвөн жил маш хүнд дөрвөн жил байна. Тиймээс Засгийн газар тогтвортой байх ёстой. Тиймээс УИХ-д олонхи байгаа бүлэг Засгийн газартайгаа ойлголцож, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:


-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх нь зохимжгүй гэсэн үүднээс хуулийн төсөл өргөн барьж хэлэлцүүлж байсан. Бид энэ зарчмаа барих хэрэгтэй. Дээд түвшинд хариуцлагын тогтолцоог  сайжруулах хэрэгтэй. Тийм учраас Төрийн албаны хуулийг үргэлжлүүлэн батлах шаардлагатай. Тиймээс төрийн засаглалын тогтолцоогоо засах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байх асуудлыг хязгаарлаж өгөх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:


-Үнэмлэхүй олонхийг бүрдүүлж байгаа намын хувьд  Үндсэн хуулийн хүрээнд хуулиа биелүүлж ажиллана гэж өөрт чинь итгэж байна. Хамгийн гол нь Монгол төрийн албыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Танай намаас гарсан Засгийн газар  байгуулагдсан цагаасаа эхлээд төрийн албаны халаа сэлгээг хийх зүйл байж болохгүй. Өнөөдөр ипотекийн зээлийн хүрээнд 82 мянган иргэн орон сууцанд орсны  дийлэнх нь төрийн албан хаагч байгаа.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


- УИХ-ын гишүүний хамгийн том эрх нь хууль санаачлах. Тиймээс УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг хэлэлцүүлж өгч байгаарай. Мөн гишүүний дуу хоолойг кнопоор дарж, хааж болохгүй.  Миний хувьд хоёр том намын дундаас сонгогдсон жижиг намын төлөөлөл. Эрдэнэтчүүдээ  төлөөлнө. Хамгийн түрүүн Эрдэнэтийн 49 хувийг эрдэнэтчүүдийн талд байх шийдвэрийг гаргаарай.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:


-Миний хувьд ялсан намын дарга Засгийн газрын тэргүүн байж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байдаг. Манай намын Удирдах зөвлөлийн гишүүний олонхийн саналаар намын даргаа УИХ-ын даргад дэвшүүллээ. Мэргэжлийн Засгийн газар байгуулж, хуулиа барьж шударга ажиллах хэрэгтэй. Томилгоо хийхдээ ах дүү, амраг садан, нутаг усаа  гэсэн хандлага гаргахгүй шүү. “Давхар дээл”-ийг тайлах талд бодолцож  сайд нараа томилох хэрэгтэй гэдгийг хэлээд амжилт хүсье.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Бичээч:
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр санаж байгаарай гэж Ленин багш хэлсэн. МАН-ыхаан
2016-07-05