Зөвхөн сайд бус салбарын хүмүүс ч мэргэжлийн байх ёстой
2016-07-08

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох асуудлыг хэлэлцэж,  асуулт тавьж, үг хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

 

-Ажлаа хүлээж авсны дараагаар улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, валютын нөөцийг мэдээлэх хэрэгтэй.  Мөн эрүүл мэндийн салбартай холбоотой хорт хавдартай тэмцэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулж ирэхийг хүсье.  Засгийн газраа мэргэжлийн, туршлагатай, ажлыг шуурхай хэрэгжүүлэх  чадварлаг багаар бүрдүүлээрэй.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:


-Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг дэмжиж байна.  Засгийн газрын ажлыг  өгч авалцахад улс орны санхүү, эдийн засгийн байдал ямар хэмжээнд байгааг тодорхой гаргах хэрэгтэй.  Ядуурал, ажилгүйдлийн тоог гаргах хэрэгтэй байна. Сүүлийн үед хараат бус ажиллах ҮСГ Засгийн газрын мэдэлд орсон. Иргэд олон нийтэд үнэн мэдээлэл өгч ажиллах шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:


-Эрх баригч ялсан намын дарга Ерөнхий сайд болоогүй. Энэ нь мөрийн хөтөлбөрөөсөө ухрах зүйл биш гэдгээ хэлсэн.  Тиймээс бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах ажил хэдий хугацаанд хэрэгжих вэ? Оюутан бүрт тэтгэлэгт олгож, сургалтын зээл олгох нь мөн хэзээ хэрэгжих бол.

 

Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбат:


-Эхлээд бодит нөхцөл байдлаа тодорхойлно.  Ямар боломж байгааг судална. Манай намын мөрийн хөтөлбөрийг зарим хүмүүс халамжийн шинжтэй гэж шүүмжилж байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд энэ үед бид нийгмийн хамгааллын бодлого барьсан. Нийгмээ хамгаалах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:


-Ажлын байруудыг нэмэгдүүлэх тал дээр та ямар ажил хэрэгжүүлэх вэ? Төрийн албыг төрлийн болгосон өнгөрсөн жилүүдэд. Төрийн албыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэхэд яаж анхаарах вэ?

 

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбат:


-МАН мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж тусгасан. Энэ нь зөвхөн сайд нь бус тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүс ч мэргэжлийн байх ёстой.  Манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орон. Бид хөдөө аж ахуй үйлдвэрлэлээрээ зөвхөн дотоодын хэрэглээгээ хангах бус ажлын байр нэмэгдүүлнэ. 

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан


-Монгол Улсын эдийн засгийг төсвөөрөө удирддаг болох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 3-4 төсөвтэй байсан. Засгийн газар сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын бонд гаргаад арилжааны банкуудаас 4 их наядыг татсан. Мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа үүнийг анхаараарай.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:


-Бид хариуцлагын асуудлыг ярихаа больсон. Бүх шатны хариуцлагын тогтолцоог сайжруулах талд онцгойлон анхаарах хэрэгтэй. Өөрөө нэлээн сахилгатай, зохион байгуулалттай залуу байгаа. Тийм учраас янз бүрийн бүлэглэл их гарна. Үүнээс шантарч болохгүй гэдгийг хэлье. Монгол Улс өөрөө хүнд эдийн засагтай улс биш.  Зөв менежмент хийвэл эдийн засгийг богино хугацаанд босгох боломж бий.

 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:


-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Аливаа асуудлыг улс төр биш эдийн засаг, өөрчлөлт талаар нь хардаг. Өнгөрсөн 4 жил айхтар хүндэрсэн зүйл байхгүй. Бид  өнөөдөр сөрөг хүчин гэж ажлыг нь гацаагаад байх бодол байхгүй. Тийм учраас зөвхөн өөрийн 65 гишүүндээ суурилах биш АН-ыг төлөөлсөн 9 гишүүнийг ижилсгэж авч үзэх нь чухал байх.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Shuud.mn
Сонин хачин