Хэт даврагчид Францад халджээ
2016-07-15

Францад дахин халдлага боллоо. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Францын  үндэсний баяр болох Бастиллийн баяраар тус улсын Ницце хотод халдлага гарчээ. Ницце хотын төвд өчигдөр 21.30 цагийн орчимд ёслолын буудлага болж байсан талбай руу ачааны машин дайран орж, олон хүний аминд хүрчээ.

 

"Халдлагаар 77 хүн амиа алдсан бол өнөөдөр амиа алдагсдын тоо 80 болсон" талаар тус хотын Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ. “Амиа алдагсдын дунд бага насны хүүхэд бий” гэдгийг албаныхан баталлаа. Одоогоор 50 гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. “20 гаруй хүний биеийн байдал тааруухан, амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй байгааг” эмч нар сануулжээ. 

Цагдаагийнхан иргэд рүү дайрсан ачааны машины жолоочийг буудаж, устгасан байна. Халдлагчийг хэн болохыг тогтоохоор ажиллаж буйг Ницце хотын Цагдаагийн газраас дамжууллаа. Иргэд рүү халдсан ачааны машинаас тэсрэх бөмбөг, их хэмжээний галт зэвсэг зэргийг олж, аюулгүй болжээ. Ачааны машины жолооч иргэд рүү дайран орсоныхоо дараа гал нээхээр төлөвлөж байсан гэнэ. Олны цочролд оруулаад буй уг үйл явдлын дараа Ерөнхийлөгч Франсуа Олланд төв телевизээр хандан ард түмнээ эв найрамдалтай байхыг уриалжээ.

 

Олланд “Францад дахин халдлага гарч, олон хүн амиа алдлаа. Үнэхээр харамсалтай үйл явдал ар араасаа болж байна. Тиймээс Францад хүчин төгөлдөр хэрэгжиж буй онц байдлын хугацааг үргэлжлүүлэх болно. Бид террористуудтай хийх тэмцлээ үргэлжлүүлнэ.  Мөн гэмгүй иргэдийг хөнөөсөн хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх болохыг мэдэгдье” гэж хэлжээ.  Тэрбээр өнөөдөр халдлага болсон хотноо очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах юм. Ницце хотноо хэн халдсан болохыг тогтоохоор ажиллаж буй бөгөөд онц байдал зарлажээ. Онц байдлын хугацаанд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хотын захирагч уриалсан байна.

 

 

Олландын мэдэгдлийн дараахан Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Ницце хотын халдлагыг захиалсан болохоо өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Уг мэдээллийг Францын Тагнуулын байгууллага шалгаж буй бөгөөд одоогоор хэвлэлийнхэнд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж. Францын эрх баригчид хэт даврагчдын хийсэн мэдэгдлийг “албан бус” хэмээн мэдэгджээ. Хэт даврагчид францчуудыг айлгахын тулд хуурамч мэдээлэл хийж буй хэмээн албаныхан мэдээлсэн байна. Ачааны машины жолооч тус бүлэглэлтэй холбоотой эсэхийг тогтоохоор ажиллаж буй хэт даврагчдын хийсэн мэдэгдэлд иргэд итгэхгүй байхыг эрх баригчид сануулжээ.

 

Гэхдээ иргэд Ницце хотын халдлагын цаана тус бүлэглэл бий хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэтгэгдлээ үлдээж байна. Учир нь тус бүлэглэл өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо халдлага үйлдсэн билээ. Парисын халдлагаар 130 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан. Уг халдлагын гол захиалагч болох Салах Абдесламыг саяхан Белгийн тал Францчуудад хүлээлгэн өгсөн билээ. Олланд, Салахыг хуулийн дагуу шийтгэхээ мэдэгдсэн юм.  

 

Салахыг баригдсаны дараахан Белгийн нийслэл Брюссель хотноо цуврал халдлага гарч, 44 хүн амиа алдсан. Тус бүлэглэл Франц, Белги улсад халдахаас гадна дэлхийн 10 гаруй улсад халдлага үйлдэж, 800 орчим хүнийг хөнөөжээ. Хэт даврагчид Сири, Иракт эзлэх байр сууриа алдаж эхэлсэнтэй холбогдуулан халдлага үйлдэх замаар өшөөгөө авсаар байна.  АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл тус бүлэглэлийн толгойлогч болон нөлөө бүхий эрхмүүдийг устгасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин