Том Хэнкс: Чи онгоцны тархи гэдгээ мартаж болохгүй
2016-07-20

Холливуудын нэрт жүжигчин Том Хэнкс “AFP агентлагт сүүлд тоглосон киноныхоо талаар ярьжээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр “Sully кинонд Америкийн “Эйрбус 320” онгоцны ахмад Челси Суллбэргерийн дүрийг бүтээсэн аж. Уг бүтээл ирэх есдүгээр сарын 9-ний өдөр нээлтээ хийнэ.

 

 

-Та ахмад Челси Суллбэргерийн дүрийг бүтээсэн. Сулли бол америкчуудын баатар. Тэрбээр 2009 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “US Airways” компанийн  “Эйрбус 320” онгоцыг Хадсон голд амжилттай газардуулж, 155 хүний амийг аварсан ачтан?

 

-Тиймээ. Түүний баатарлаг занг би одоо хүртэл үнэлдэг. Баргийн эр хүнээс гарахааргүй баатарлаг зан түүнээс гарсан. Тэрбээр ажлын хариуцлага ямар байх ёстойг бусдад ойлгуулсан хүн гэхэд болно. Хэдэн мянган метрийн дээр нислэг үйлдэж явахад чинь гэнэт хөдөлгүүрийн хэсэг шатвал та яах байсан вэ. Би байсан бол айх байсан. Тэрбээр ахмадын үүргээ амжилттай гүйцэтгэж, 100 гаруй хүнийг эсэн мэнд аварсан. Киноны зураг авалт эхлэхээс өмнө би Суллитэй уулзсан юм. “Онгоцоо голд газардуулах санаа хэзээ төрсөн вэ” хэмээн асуухад ахмад “Эргээд хартал нэг үйлчлэгч уйлж байсан. Хаалганы цаанаас орилж буй хүмүүсийн хоолойг сонссон. Тэр үед үхэхийг хүссэн ч би ажилдаа хариуцлагатай байхыг хүссэн. Би түүхэнд “алуурчин” хэмээн бичүүлэхийг хүсээгүй. Хэдий онгоц осолдсон ч түүхэнд “хүмүүсийн амийг аврахын төлөө бүхий л хүчээ дайчилсан ахмад” хэмээн бичигдэхийг хүссэн. Гэтэл энэ бүхэн дууссаны дараа би түүхийн хуудсанд “баатар” хэмээн бичүүлсэн байна. Хүн бүхэн надад талархаж байгааг хараад л би “онгоцыг амжилттай газардуулжээ” гэдэгтээ бүрэн итгэсэн. Миний зүрх хүчтэй цохилж, гар минь чичирч байсан ч би жолоогоо атгасаар байсан. Хэрвээ би чичирч буй энэ гараа жолооноос авбал 155 хүн амиа алдах болно гэдгийг тэр үед л ойлгосон. Би зүгээр л өөртөө итгэсэн. Онгоцыг голд амжилттай газардуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан” гэж ярьсан. Түүний ярьсан зүйл надад их таалагдсан.

 

-Та ахмадын дүрийг бүтээхийн тулд өөрийгөө хэр бэлдсэн вэ?

 

-Би зохиолоо аваад л ахмадтай уулзаж, гэрт нь зочилсон. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг хамгийн тодоор ярих хүн тэрнээс өөр байхгүй. Зохиолч хэдий цаасан дээр тэр үеийг буулган ирсэн боловч надад зохиолоо уншихаасаа өмнө ахмадтай уулзах нь зөв гэх санаа орж ирсэн. Бид их удаан ярилцсан.

 

-Сулли өөрийнх нь дүрийг бүтээхдээ юун дээр анхаар хэмээн захив?

 

-Хэт их сэтгэл хөдлөлд автах хэрэггүй гэсэн. Онгоцны хөдөлгүүр шатаж буйг ахмад хараад зорчигчдоос дутахааргүй сандарч байсан гэсэн. Ахмад “онгоцыг амжилттай газардуулж чадна” гэдгээ мэдээд хормын төдийд сэтгэл хөдлөлөөсөө салсан гэдгээ хэлсэн. “Онгоц газардсаны дараа хэвлэлийнхэн “Та сандарсан шинжгүй байна” хэмээн асууж байлаа. Зарим нь намайг сэтгэл хөдлөлгүй мэтээр ярьж байгааг сонссон. Сэтгэл хөдлөл хяналтаас гарахаар л галзуу хэргүүд гардаг гэдгийг сана. Чи өөрийгөө онгоцны тархи гэдгээ мартаж болохгүй. Тархи будилвал бүх зүйл бүтэлгүйтдэг” хэмээн ахмад зөвлөсөн. Би энэхүү зөвлөгөөний дагуу л дүр дээрээ ажилласан. Бодит зүйлийг уран сайхны хэлбэрт шилжүүлэхэд сэтгэл хөдлөл их шаардагддаг ч би ахмадын зөвлөгөөг үргэлж санаж байсан.

 

-Ахмад өөрийнх нь талаар кино хийнэ гэдгийг сонсоод, таныг өөрийнх нь дүрийг бүтээнэ гэдгийг мэдээд хэрхэв?

 

-Надтай анх уулзахдаа л “Би ичиж байна” гэж хэлсэн. Үгүй, үгүй. Сулли бол баатар. Хойч үе минь энэ хүний талаар мэдэж, түүний үйл хэргээр бахархах хэрэгтэй. Таны хийсэн зүйл баатрын үйлдэл. Америкчууд баатраараа үргэлж бахархах хэрэгтэй гэж би хэлсэн.

 

-“Хадсон голын гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн уг буулт ахмадын чадвараар амжилттай болсон. Та ахмадын дүр дээр хэр удаан ажиллав?

 

-Их удаан ажилласан. Би нисгэгч болохыг их мөрөөддөг байлаа. Дүрээ аваад л өөрийн нэг хөдөлгүүртэй онгоцоо жолоодож, энэ шувууг жолоодож байхад ямар сэтгэл хөдлөл мэдрэгддэг талаар судалсан. Олон ч хүнтэй уулзсан.

 

-Киноны анхны трейлер өчигдөр цацагдсан. Нээлт хийх өдөр улам бүр ойртсоор байна.

 

-Би энэ киног заавал ирж үзээрэй хэмээн хэлж байна.

 

-“Сулли” кино ирэх онд зохион байгуулагдах “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос олон шагнал хүртэж магадгүй хэмээн кино шүүмжлэгчид үзэж байгаа?

 

-Нээлтээ ч хийгээгүй байна. Тиймээс шагнал, талархал түрүүлж хүртмээргүй байна. Мэдээж энэхүү киног бүтээхэд би ганцаараа оролцоогүй. Олон хүн баг болж ажилласан. Тэдний хичээл зүтгэлийг үргэлж хурцалж байх хэрэгтэй.

 

 

-Жүжигчин Лаура Линни таны эхнэрийг дүрийг бүтээсэн бол жүжигчин Эрон Экарт хоёрдугаар нисгэгчийн дүрийг бүтээсэн?

 

-Гайхалтай. Тэдний хичээл зүтгэл надад таалагдсан. Тэд бол энэхүү киноны гол чухал хэсэг.

 

-Та ахмад Суллигийн дүрээр “Оскар”-ын “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид нэр дэвшиж байгаа. Ялалт байгуулж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

 

-Сайхан сонсогдож байна.

 

-Зураг авалтын үеэр таны бие муудсан талаар хэвлэлүүд мэдээлж байсан?

 

-Зураг авалтын үеэр зүрх бага зэрэг өвдсөн. Гэхдээ одоо ямар ч асуудалгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин