Оросын тамирчид олимпод оролцоно
2016-07-25

Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага/WADA/-аас ОХУ-ын тамирчдыг зохион байгуулалттайгаар сэргээш хэрэглэж, олон улсын зэрэглэлтэй тэмцээнд оролцдог хэмээн буруутгаж, удахгүй эхлэх “Рио”-гийн олимпод оролцохыг хатуу хориглосон билээ. Мөн Спортын арбитрын шүүх ОХУ-ын тамирчдыг олимпод оролцохыг хориглож, шийдвэрээ өөрчлөхгүй гэдгээ өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн юм.

 

Хэдий WADA болон Спортын арбитрын шүүх оросын эсрэг шийдвэр гаргасан ч тамирчдыг олимпод оролцох эсэхийг Дэлхийн олимпийн хороо эцэслэн шийдэх байсан билээ. Тэгвэл уг асуудлаар өчигдөр Дэлхийн олимпийн хорооны гишүүд уулзаж, хэлэлцсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус хороо оросуудад нааштай шийдвэр гаргажээ.

 

Дэлхийн олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах “Оросуудыг тэмцээнд оролцуулах эсэх шийдвэрийг спортын төрөл бүрээр хариуцсан холбоод хариуцах болно. Тэд тамирчдаас сэргээшийн шинжилгээ авч эцсийн шийдвэрээ бие дааж гаргах болно” гэж мэдэгджээ.

 

Харин уг шийдвэрийг WADA эсэргүүцэж, “Бидний шийдвэрийг үл хүндэтгэлээ. “Рио”-гийн олимпод сэргээш хэрэглэсэн тамирчид оролцох боллоо. Шударга бус шийдвэр” хэмээн төв сайтдаа нийтэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин