Аудитын тайлангийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн
2016-09-07

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Монгол Улсын 2015 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.0 их наяд төгрөгт хүрчээ. Төлөвлөснөөс 142 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 392 тэрбум төгрөгөөр дутуу гарсан байна.

 

Гадаад худалдааны эргэлт буурсан, уул уурхайн ихэнх түүхий эдийн үнэ буурсан болон Оюу толгой ордын далд уурхайн санхүүжилт хойшилсонтой холбоотойгоор эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь төсөвт төвлөрүүлэх импортын болон дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлжээ.  Монгол Улсын 2015 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 198 тэрбум төгрөгөөр буюу 5 хувиар дутуу, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 222 тэрбум төгрөгөөр буюу 4 хувиар бага байна.  Зэс, нүүрсний зах зээлийн үнийн гүйцэтгэл 2015 оны турш тэнцвэржүүлсэн үнээс доогуур байсан  аж. Тиймээс төсвийн тогтворжуулалтын санд орлого төвлөрөөгүй боловч 2014 оны зэсийн тэнцвэржүүлсэн болон зах зээлийн үнийн зөрүүгээс бий болсон 2.3 тэрбум төгрөгийг 2015 оны  нэгдүгээр сард Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлжээ.

 

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2015 онд 5,981.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 3.3 хувь буюу 141.7 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. Харин 2015 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2014 оны мөн үетэй харьцуулахад 295.5 тэрбум төгрөгөөр буюу 4.7  хувиар буурчээ.  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2015 онд Төсвийн тогтворжуулалтын санд 2.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна.

 

Тайлант онд татварын орлогын бүрдүүлэлт 5,119 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 8.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 0.2 хувиар давсжээ. Татварын орлогын төрлүүдээс нэмэгдсэн өртгийн албан татвар 149 тэрбум, онцгой албан татвар 52 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэл, хураамж 30.8 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс тасарсан аж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 169.7 тэрбум, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 62.4 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс давсан нь нийт татварын орлого өндөр байхад голлон нөлөөлжээ.

 

Өнгөрсөн оны төсвийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Дараагаар нь Аудитын дүгнэлтийг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий аудитор Б.Зангад гишүүдийн асуултад хариулсан юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:


-Төсвийн ерөнхийлөгч захирагч Төсвийн хууль зөрчсөн бол огцруулах саналыг УИХ-ын гишүүн оруулна гэсэн заалтыг ҮХЦ хүчингүй болгосон. Тиймээс энэ хуулийг сэргээх хэрэгтэй. Ард түмэнд хуулийг харуулж тайлбарлах боломж олгох хэрэгтэй. Засгийн газар Монгол банкнаас  тухайн жилд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээллэг хийж болно гэсэн байдаг. Үүнийг Адуит юу гэж дүгнэж байна вэ? Татварын орлого 87.9 тэрбум төгрөгөөр буурсныг тайлбарлана уу? Засгийн газар хувийн компаниудад бонд гаргасан. Эргэн төлөлт ямар байна. Хувийн  байгууллага болон Засгийн газрын өр хэд вэ?

 

-2015 онд төсвийн алдагдал 1 их наяд 156.9 тэрбум төгрөгөөр гарч баталгаажсан. Энэ нь ДНБ-ний 4.9 хувьтай тэнцэж, шалгуур үзүүлэлтийг хангаж байна. Хуулиар заасан хэмжээний зээллэгийг Төв банкнаас авсан. Хууль зөрчсөн зүйлгүй. Хөгжлийн банкинд Аудитын газраас хийсэн тайлан Төсвийн байнгын хороонд хүргэгдсэн.

 

УИХ-ын гишүүн А.Баделхаан:


-Эргэн төлөгдөх нөхцөлтэй олгогдсон зээл, хөрөнгө оруулалт 2015 онд ямар төлөвтэй байсан бэ? 103 төрийн өмчит компанийн хэд нь ашигтай, хэд нь алдагдалтай ажиллаж байна вэ?

 

-Эргэн төлөгдөх нөхцөлөөр санхүүжүүлсэн зээлийн 46 хувь нь төлөгдөөгүй байна. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн ашиг, алдагдлыг жагсаалтаар нь гаргаад танд өгье.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:


-Аудитын дүгнэлт бодит байдлаас тэнгэр, газар шиг зөрөөтэй дүгнэлт хийдэг. Өнөөдөр 2015 оны Засгийн газрын үйл ажиллагааны дүгнэлт ч мөн л харамсалтай мэдээлэлтэй байна. Аудитын дүгнэлт нь нөхцөл байдалтай өдөр шөнө шиг ялгаатай. Монгол Улсын аудит нүд чих шиг байх ёстой. Хэрвээ аудит аудит шиг ажилласан бол өнөөдөр Монгол Улс 4 төсөвтэй, эдийн засаг энэ хэмжээнд хүндрэхгүй байх байсан.

 

-Төрийн аудитын 400 гаруй аудитор олон улсын стандарт горимын дагуу ёсчилж ажилладаг. Бид энэ дагуу ажилласан. Энэ гаргасан тайлангуудын өмнөөс хариуцлага хүлээхэд би бэлэн.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авч байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ацдит хийлгэсэн газрын тайлангуудад но бий, төсөвт 20 жил ажиллаад орон сууц авч чадахгүй байхад 4 жил ажиллаад бүх юмтай болсон дарга ня-бо нарын тайлан яаж гардаг юм бол доо,
2016-09-07
Зочин:
Энэ ямар их бөөрөнхий таварш вэ.Төрийн аудит ингэж ажилладаг юм уу
2016-09-07