Ан Сан Су Чи Британид айлчлав
2016-09-14

Британийн Ерөнхий сайд Тереза Майгийн урилгаар Мьянмарын Төрийн зөвлөх Ан Сан Су Чи тус улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн талаар “www.channelnewsasia.com” мэдээллээ. Удирдагчид хоёр улсын хамтын ажиллагаа, худалдааны асуудлаар голлон ярилцсан талаар Британийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.  

 

Ан Сан Су Чи “Британи улсад анх удаагаа айлчилж байна. Би энэ өдрийг их удаан хүлээлээ. Зорилго минь биелж Британи улсад ирлээ. Айлчлал минь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Мьянмарчууд энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч байгаа” гэсэн бол Май “Энэ гайхалтай эмэгтэйтэй уулзсандаа таатай байна. Өнөөдрөөр хоёр улс нөхөрлөх болно” гэж хэлжээ.

 

Мьянмар улсад өнгөрсөн онд парламентын сонгууль явагдаж, Ан Сан Су Чигаар тэргүүлсэн Ардчиллын үндэсний лиг нам олонх болсон билээ. Ан Сан Су Чи Ерөнхийлөгч болох байсан ч тус улсын хуулинд “Гадаадын иргэнтэй гэр бүл болсон хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй” гэх заалт бий. Уг заалтаас болж тэрбээр Ерөнхийлөгч болох боломжгүй болсон юм. Түүний туслах Ерөнхийлөгч болж, Ан Сан Су Чиг Ерөнхий сайдаас дутахааргүй эрх мэдэлтэй Төрийн зөвлөх гэх албанд томилсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин