“Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг болно
2016-09-20

 

 

Эрүүл мэндийн сайдын 2013 оны 309 тоот тушаалын дагуу жил бүр оюутан залуусын эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулах болсон. Энэ жил НЭМБ, Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлагийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриатайгаар тэдэнд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Маргааш буюу есдүгээр сарын 20-нд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” өдөрлөг Монгол бөхийн өргөөнд 16.00 цагт болно. Энэ хүрээнд “БЗДХ,ХДХВ/ДОХ-оос сэргийлье”, “Архи, тамхинаас татгалзья”, “Зөв зохистой хооллоё”, “Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжицгээе”, “Сүрьеэгээс сэргийлье”, “Гэр бүл төлөвлөлт”, “Жирэмсний хяналтын ач холбогдол”, “Анхны тусламж ” зэрэг сэдвээр мэргэжилтнүүд лекц уншина.

 

Мөн оюутан залуусын дунд өндөр шагналтай хөгжөөнт тэмцээнүүд явуулж, шинэ залуу уран бүтээлчдийн урлагийн тоглолт болох юм. Тоглолтонд жүжигчин Г.Алтаншагай, Uvertura, Extasy, Мотив хамтлаг болон залуу дуучин Болд, Чулуунчимэг нар ая дуугаа өргөх юм байна.

 

Манай улсад жилдээ 180 мянга орчим оюутан 100 гаруй их, дээд сургууль, коллежид элсэн суралцдаг. ДЭМБ-ын 2015 оны судалгаагаар нийт хүн амын гуравны нэг буюу 989 мянга нь 18-35 насны залуучууд байна. Харамсалтайн ирээдүйн гэр бүл болсон, ид хийж бүтээх насны залуусын дунд халдварт болоод халдварт бус өвчлөл их байгааг мэргэжилтнүүд танилцууллаа.

 

Тухайлбал, БЗДХ-аар өвчлөгсдийн 43.4 хувь нь 15-24 насны залуучууд байна. Мөн үр хөндөлтийн 18,168 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 224.6 ногдож байна.

 

Shuud.mn
Сонин хачин