Түймэрт өртсөн иргэдэд гэр олгов
2016-09-21

 

Энэ жилийн хувьд ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байсны улмаас ой, хээрийн түймэр гаралт ихэссэн. Дорнод аймгийн хувьд он гарсаар 37 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас Баян түмэн, Халх гол,  Хөлөнбуйр, Баян-Уул, Сэргэлэн сумдын нутаг хуурайшилт ихтэй, түймрийн гаралт ихтэй сумдад багтаж байна.

 

Ой, хээрийн түймрийн улмаас дээрхи сумдад 15 айл түймэрт өртсөн бөгөөд орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс гэр олгохоор шийдвэрлэсэн. Улсын нөөцөөс олгосон иж бүрэн 15 гэрийг аймаг, орон нутаг хүлээн авч иргэдэд олгох ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа.

 

Тус арга хэмжээнд, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөр болон аймгийн удирдлагууд оролцов. Энэ үеэр, аймгийн удирдлагууд, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн үүрэг, хариуцлагыг өндөржүүлэхэд иргэн хүн бүр идэвхи, санаачлагатай ажиллах нь чухал гэдгийг иргэдэд анхааруулаад, аймаг орон нутгийн зүгээс түймрээс урьдчилан сэргийлэх тодорхой бодлогыг тодорхойлж урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагыг чадавхижуулах ажлуудыг хийж байгаа гэдгийг онцолж байв..

 

Хүйтний ам наашилж буй энэ үед иргэд өөрийн гэр оронтой болсондоо талархаж буйгаа Улсын онцгой комисс болон аймгийн удирдлагуудад илэрхийллээ.

Shuud.mn
Сонин хачин