Эдийн засгийн өсөлтийг 3 хувьд хүргэнэ
2016-10-06

 

УИХ-ын  чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

 

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувьтай тэнцжээ. Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.  Тэрбээр:

 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлд орсон нэг шалтгаан нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж ирсэн төсвийн хэт тэлсэн бодлого, төсвийн сахилга, хариуцлагагүй байдалтай холбоотой гэдгийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан зэрэг байгууллагаас сүүлийн үед гаргаж буй тайлан мэдээлэл, бие даасан судлаачдын дүгнэлтэд санал нэгтэй дүгнэж байна.

 

УИХ-ын намрын чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ ч улс орны өмнө тулгараад байгаа хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын зүгээс ямар байр сууринаас, ямар үзэл бодолтойгоор хандах ёстой вэ гэдгийг тодорхой дүгнэсэн билээ.

 

2016 оны төсвийн тодотголд баримталсан төсвийн нэгдмэл байдлыг хангах, төсвөөс гадуур аливаа арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд мөрдөх арга хэмжээг Монгол Улсын 2017 оны төсвийн жилд үргэлжлүүлнэ.

 

Татварын орчныг тогтвортойгоор хадгалах, зарлагын өсөлтийг хязгаарлах, Засгийн газрын өрийг хуулийн хязгаарт багтаан тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн өсөлтийг хангах зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2017 оны төсвийн төслийг боловсрууллаа” хэмээн танилцуулгынхаа эхэнд дурдсан.

 

Засгийн газраас эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулах зорилгоор уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгойн төсөл, Гацууртын алтны ордны төсөл, Тавантолгойн цахилгаан станц, ДЦС-III-ын хүчин чадлыг өргөтгөх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа болон Засгийн газраас авч хэрэгжүүлэх бодлогын үр дүнд Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 2017 онд 3.0 хувьд хүрнэ гэж тооцож байгаа ажээ.

 

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцохдоо эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлоготой уялдуулан, ирэх 2017 онд татварын орчныг тогтвортой байх бодлогыг баримтлан шинээр татвар бий болгохгүй, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн зүгээс гаргаж ирсэн татварын орчинг тогтвортой байлгах санал, хүсэлттэй нийцэж байгаа юм байна.

 

Уул уурхайн томоохон төслүүдийг эрчимжүүлж, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар уул уурхай, дэд бүтцийн салбарыг дагасан эдийн засгийн өсөлтийг бий болгох, төрийн өмчит аж ахуйн нэгжийг хувьчлах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах замаар ашигтай ажиллуулах бодлого баримталснаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн танилцууллаа.

 

Бүх шатны төсөвт байгууллагууд хэмнэлтийн зарчмаар ажиллах, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн одоогийн түвшнийг хадгалах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, статистик, хүн ам зүйн өөрчлөлтөөс шалтгаалан нэмэгдэх нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төсөвт тусгах зарчмыг мөн баримталжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зарим арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж эхлэх, тухайлбал, ахмад настай азай буурлууддаа “Насны хишиг”олгох эрх зүйн орчныг бүрдүүлж, 2017 оны төсвийн жилээс хэрэгжүүлж эхлэхэд 20.5 тэрбум төгрөг тусгасан байна.

 

Их, дээд сургуульд суралцагч оюутны санхүүгийн дарамтыг бууруулах зорилтын хүрээнд шинээр байгуулагдсан “Боловсролын зээлийн сан”-гийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах 101.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ирэх оны төсөвт тусгажээ.

 

Эдийн засаг, төсөв, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд байгаа хэдий ч ахмад настны орлогын баталгааг сайжруулах зорилгоор 70 ба түүнээс дээш настай азай буурлуудад жилдээ 2 удаа 100-300 мянган төгрөгийг олгохоор тооцож холбогдох заалтыг Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан байна.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаит хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

 

-Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг тогтвортой үргэлжлүүлэх зорилтын хүрээнд төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой өмнөх зохицуулалтыг сэргээнэ. Үүнтэй уялдуулан ирэх онд тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийн зардлыг 89.6 тэрбум төгрөгөөр тооцон төсөвт тусгасан.  Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сар хүртэлх цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах зохицуулалт хэвээр үргэлжилнэ.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

 

-Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжихээр төлөвлөж байгаа вэ?

 

-Дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрт тушаасан малын арьс шир, ноос болон хүнсний улаанбуудайн урамшуулалд зориулж нийт 54.0 тэрбум төгрөгийг ирэх 2017 онд олгохоор тогтсон. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, малчид, тариаланчдыг дэмжих ажлыг зохион байгуулж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

- Төсөв бол өмнөх хэлбэрээр орж ирсэн байна. Төрийн өмчийн компанийг хувьчлах асуудлыг яах ёстой вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдаад 2017 оны төсөвт зарим хүмүүсийн гаргаж байгаа саналыг тусгах хэрэгтэй. 40 тэрбум төгрөгөөр жижиг дунд үйлдвэрийг  дэмжиж чадах уу. ЖДҮ-ийг хариуцсан яамд ажил хийж байгаа үйлдвэрээ дэмжих юм бол үүний цаана орлого нэмэгдэнэ.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

- Мөнгөний нийлүүлэлтийн асуудал дээр 2016 оны  сүүлийн хэдэн сард валютын хадгаламж огцом нэмэгдсэнд гайхаад байна. Валютын хадгаламжийг нийтэд нь харах юм бол төсвийн орлогын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө байна. Тиймээс валютын хадгаламжийн хүүг эргэн хэрэгтэй. Валютын хадгаламжийн хэмжээ өмнө1 тэрбум доллар байсан.  Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийг дахин хэлмээр байна. 2017 оны төсвийн төсөлд 36 сар хүртэл тэтгэмж олгоно гээд оруулаад иржээ. Энэ заалт чинь 36 сарын тэтгэмж өгөхгүй гэсэн үгтэй ялгаагүй шүү.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслийг  хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.

 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-06
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-06