Сургалтын зээлийг 70 мянган оюутанд олгоно
2016-10-18

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын  ээлжит хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулж, Оюутны хөгжлийн зээлийн журмыг баталсан. Боловсролын сангийн нээлт өнөөдөр Багшийн хөгжлийн ордонд боллоо. Тус арга хэмжээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь нарын албан хүмүүс оролцов.

 

Оюутны хөгжлийн зээл нь Монгол улсад магадлан итгэмжлэгдсэн төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллежийн оюутан бүрт нээлттэй. Зээлийг сургууль төгссөний дараа, ажил хөдөлмөр эрхэлсэн цагаасаа эхлэн буцаан төлөх нөхцөлтэйгээр 2.0 дээш голч дүнтэй суралцаж буй оюутанд олгохоор журамд тусгажээ. Урт хугацааны зээл авбал 3.0 голчтой байх шаардлагатай аж. Харин нэгдүгээр курсын оюутнуудад голч дүн хамаарахгүй сургалтын зээлийг олгох юм байна. Сургалтын зээлд 100 орчим тэрбум төгрөг төсөвлөн УИХ-д өргөн барьсан талаар БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэллээ. Зээлийн санд төвлөрсөн хөрөнгийн хэмжээгээр энэ онд нийт 70 мянган оюутанд 5 хувийн хүүтэйгээр зээл олгохоор болжээ.

 

БСШУС-ын  сайд Ж.Батсуурь нээлтэд оролцох үеэрээ хэлсэн үгэндээ “Боловсролын зээлийн сан нь дотоодын их, дээд сургуулийн оюутан суралцагчдын үндэсний тэтгэлгийг олгох, өндөр хөгжилтэй орнуудад суралцах магистр, докторын сургалтын зээлийг олгох, дэлхийн шилдэг 100 их, дээд сургуулийн бакалаврын сургалтад суралцах оюутанд зээлийг олгох зэрэг хууль тогтоомжид заасан оюутан суралцагчдын санхүүгийн дэмжлэг, зээлийн үйлчилгээг зохион байгуулна. Ингэснээр өрхийн санхүүгийн зардлыг бууруулж, амьжиргааг нь тэтгэхээс гадна дээд боловсролын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмрийг оруулах болно” хэмээв.

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсролын зээлийн сан энэ сараас эхлэн оюутны хөгжлийн зээлийг олгож эхэлнэ. Зээлийг Боловсролын зээлийн сан хариуцан зохион байгуулах бөгөөд арилжааны 5-6 банкаар олгох аж.

 

Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгохоор болжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бүх сургууль ч гэх шиг худлаа шаана биз ШУТИС гэхэд Барилга архитектурын сургуулиас бусдад нь өгөхгүй гэсэн шүү дээ Тийм байж худлаа шоу хийхээ боль муу хөгийн аалзнууд минь Та нар дахиж оюутнуудын саналыг сонгуулиар авахгүй 2020 онд МАН АН тайгаа хамт ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ сдануудаа
2016-10-20