Эрүүл мэндийн даатгалын зөвлөл УИХ-д харьяалагдах уу
2016-10-20

 

Төсвийн байнгын хороон хуралдаанаар  Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Эрүүл мэндийн даатгалын  үндэсний зөвлөл байгуулах, уг зөвлөл ажлаа УИХ-д тайлагнадаг байх,  удирдлагуудыг нь УИХ 5 жилийн хугацаатай томилдог байх. Дүрмийг  УИХ баталж,  урамшуулал цалинг нь  тогтоодог байх заалтыг тусгажээ.  Эрүүл мэндийн даатгалын  үндэсний зөвлөл байгуулах асуудалд гишүүд эсрэг байр суурьтай байлаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Чойжисүрэн хариулсан юм.

 

УИХ-ын дэд  дарга Ц.Нямдорж:

 

-Одоо байгаа орон тоон дотроо зохицуулчих зүйл.  Түүнээс бус гэнэт Үндэсний зөвлөл гэж гарч ирээд эрүүл мэндийн даатгалыг сайжруулна гэвэл худал. Нийгмийн даатгалын дэргэдэх Үндэсний зөвлөл хэзээ даатгал сайжруулсан юм бэ? Сайдынхаа хүссэн болгоныг  шууд батлан гаргаж өгч  нийгмийн даатгалын зардлыг дураараа зардаг газар гарч ирсэн.   Тийм учраас би Эрүүл мэндийн даатгалыг яаманд нь шилжүүлж байгааг дэмжвэл ямар вэ гэж бодож байна. Энэ үндэсний зөвлөлийг нь УИХ-аас томилохоо болчихвол ямар вэ? 

 

-Энэ төслийг батлах эсэх нь УИХ-д байгаа. Ажлын хэсэг дээр ярилцах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгах үзэл санааг дэмжиж байгаа.  Харин олон нийтийн үндэсний зөвлөл нэртэй баахан мануухайтай боллоо. Эдгээрийн ажлыг хийлгэмээр байна.

 

-Таны шүүмжлэлийг хүлээн авч байна. Засгийн газрын бүтцийн хууль батлахдаа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг хүчингүй болгосон юм билээ. Тиймээс Эрүүл мэндийн сайдын харъяалалд хамаарагдахгүй асуудал болсон

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт хэлсний дараагаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 92.4 хувиар хуулийн төсөл дэмжигдсэн юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин