Энн Хэтэуэй: Төрсний дараа таргалах нь ичмээр зүйл биш
2016-10-21

Холливуудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй “NBS сувагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Жүжигчин бүсгүй 2013 онд “Les Miserables” мюзикл киноны Фантайны дүрээр “Оскар”-ын “Шилдэг туслах дүр” шагналыг хүртсэн юм.

 

 

-Та өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний өдөр амаржиж хүүтэй болсон. Энэ хугацаанд бараг олны өмнө гараагүй.

-Тиймээ хүүтэйгээ ихэнх цагаа өнгөрүүллээ.

 

-Таныг төрсөнийхөө дараа нилээн жин нэмсэн гэж сонссон. Гэхдээ та өмнөх шигээ үзэсгэлэнтэй хэвээрээ байна?

-Баярлалаа. Гэхдээ жирэмсэн үедээ ч, төрсөнийхөө дараа ч тэр таргалах ичмээр зүйл биш. Сайн унтаж, идэж байж эрүүл хүүхэд төрүүлж өсгөх болно.

 

-Өнгөрсөн сард та инстаграмдаа жирэмсэн болохоосоо өмнө өмсч байсан өмднийхөө зургийг нийтлээд “Жирэмсэн үедээ эмэгтэй хүн таргалдаг нь ичиж зовмоор зүйл биш. Дараа нь турах гэж үйлээ үздэг. Байгаагаараа байх шиг сайхан зүйл үгүй. Багтахгүй болсон өмдөө богино өмд болгоод өмсчихөд л болно. Хүний биеийн галбир байнга өөрчлөгдөж байдаг. Бие гэдэг чинь амьд зүйл шүү дээ. Турж, таргалах нь хэвийн үзэгдэл. Үнэнийг хэлэхэд, би эргээд л турчихсан” гэж бичсэн. Таны энэ сэтгэгдэл олон бүсгүйд итгэл хайрласан гэхэд болно.

-Бид жирэмсэн боллоо хэмээн уурладаггүй. Гэтэл эрчүүд хүүхэд төрүүлсэн эхнэрээ тарган байна хэмээн хэлдэг юм. Тарган байх тийм ичмээр зүйл гэж үү. Бид таргаллаа гээд тэнэг болчихдог гэж үү. Би таргаллаа гээд гэр бүлээ хуурдаг гэж үү. Таргалах бол хэсэгхэн хормын асуудал. Хүссэн бүхэн турдаг. Тарган гэх шалтгаанаар төрсөн эхнэртэйгээ бүдүүлэг харьцаж буй тэр эрэгтэй өөрөөсөө ичээсэй. Гадаад төрхөөр шүүмжлэх нь хүнээс гарах хамгийн адгийн зан суртахуун гэдгийг үргэлж санаж яв.

 

-Та энэ асуудалд нэлээн бухимддаг бололтой?

-Би гэртээ байх хугацаандаа олон ч эмэгтэйчүүдийн группт бүртгүүлсэн. Тэр группийн эмэгтэйчүүд амаржаад сар ч болоогүй байж турах талаар бодож байсан. Эхлээд хангалттай эрүүл хүнс хэрэглээд хүүхдээ бор хоолонд орох хүртэл өөрийгөө хүчлэхгүй байх хэрэгтэй. Хүүхдээ хөхөөр хооллох нь хамгийн зөв. Зөвхөн нөхөр, найз залуудаа сайхан харагдахын тулд тэр бяцхан хүүхдийг эрсдэлд оруулж буй тэр эмэгтэйг би ойлгохгүй байна.

 

-Адам Шульман тантай санал нэгддэг үү?

-Нөхөр минь хүү бид хоёрыг эрүүл байгаасай хэмээн хүсдэг.

 

 

-Та өмнө нь олон нийтийн сүлжээгээр бас бухимдлаа илэрхийлж байсан. “Залуухан халуухан охидоос болж өнөөгийн эмэгтэй уран бүтээлчид ажилгүй болж байна” хэмээн?

-Би одоо 33 настай. 2012 оноос найруулагчид надад залуухан бүсгүйн дүр өгөхөө больсон. Харин миний сонирхсон тэр дүрийг хэн нэгэн залуухан бүсгүй авчихсан байдаг. Уран бүтээлээ амжилтад хүргэхийн тулд илүү чадварлаг баг бүрдүүлэх ёстой. Би өөрийнхөө насыг биеэрээ мэдрэх болсон. Залуухан бүсгүйн дүрийг санал болгохоо больсон. Үүнийг хүлээн зөвшөөрөх хэцүү байна. Гэхдээ бодит үнэн ийм л байгаа юм. Надад санал болгодог дүрийн тоо цөөрсөн. Өрсөлдөөн ч ширүүслээ. Залуу жүжигчин бүсгүйчүүд дороос хүчтэй түрэн гарч ирж байна. Тэд дэндүү царайлаг, бас авьяаслаг байна. Бид бүгд тийм байхыг хүсдэг ч нас гэдэг зүйл бүхнийг шийдэх юм даа. Надад гомдоод байх зүйл үгүй. Учир нь 20 настай байхад би олон дүрд балчирддаг байсан. Хууль ёсны зүйл болж байна. Харин одоо тэр дүрийг бүтээх насан дээр ирэхэд залуухан бүсгүйчүүд булаах нь ихэссэн.

 

-Энэ ярилцлагыг уншсан хүмүүс таныг буруугаар ойлгох байх.

-Буруугаар ойлгох зүйл байхгүй. Энэ бол бодит үнэн.

 

-Гэхдээ та чамлахааргүй олон гайхалтай дүр бүтээсэн. Та алтан хүний эзэн болсон?

-Тийм ээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин