Дотоодын гурил импортын үнээр худалдаанд гарлаа
2016-11-02

 

Дотоодын шинэ ургацын  гурил үйлдвэрлэлийн талаар "Алтан Тариа"  компанийн Бизнес Хөгжлийн хэлтсийн дарга  З.Намсрайжаваас  асууж тодрууллаа.

 

-Энэ жилийн намрын ургацын улаан буудай, гурилын зах зээлийн төлөв байдал ямар байна вэ?

 

-ХХААХҮЯамны гаргасан намрын ургац хураалтын балансын мэдээгээр Монгол улс 450 гаруй мянган тн улаан буудай одоогоор хураан аваад байна. Энэ хэмжээ нь бүтэн жилийн гурилын хэрэгцээгээ бүрэн хангана. Хүнсний улаан буудайн стандартыг хангах чанарын үзүүлэлт сайн байна. 

 

Нөгөө талаар Оросын холбооны улс түүхэндээ  байгаагүй буюу 120 сая тн үр тариа хураан авсаны 75 сая тн нь улаан буудай бөгөөд үүнээс 30 сая тн-ыг экспортлохоор төлөвлөж байна. Мөн дэлхий хэмжээнд 750 сая тн улаан буудай хураан авч байгаа нь өмнөх жилээс 50 сая тн орчимоор илүү үйлдвэрлэсэн юм. Эдгээрээс харахад энэ жилийн улаан буудайн үйлдвэрлэл дэлхий нийтээрээ илүүдэлтэй байгаа.

 

-Дотоодод авч байгаа буудайн үнэ дэлхийн зах зээлтэй харьцуулахад ямар байгаа вэ?

 

-Дэлхийн зах зээл дээр одоогийн байдлаар буудайн үнэ 1тн нь 150$ орчим, төгрөгт шилжүүлбэл 360 мянга орчим болсон байна. Алтан тариа компани 2016 оны намрын ургацаас, хүнсний стандарт шаардлага хангасан улаан буудайг нэг тн-ыг чанараас шалтгаалан 400-440 мянган төгрөгөөр худалдан авч байгаа.

 

Үүнийг дагаад шинэ ургацын улаан буудайгаар үйлдвэрлэж байгаа гурилын үнээ 11 сарын 01-нээс эхэлж  20%-иар бууруулан худалдаанд гаргаж байгаа юм. Жишээ нь: БГ-075 буюу 1-р гурилын үнэ 890₮-өөс 740₮ болж буурсан.

 

-Шинэ ургацын буудайгаар үйлдвэрлэж буй гурилын чанар ямар байгаа вэ? 

 

-Гурилын үйлдвэрийн үндсэн түүхий эд болох хүнсний улаан буудайн чанарын гол үзүүлэлтийн нэг цавуулаг болон бусад чанарын үзүүлэлтүүд өмнөх жилүүдийнхээс харьцангуй сайн байгаа тул манай компанийн үйлдвэрлэн гаргадаг гурил сорт бүр дээрээ чанар  сайн байгаа. 

 

-Иргэдийн худалдан  авах чадвар муу байгаа нь гурилын борлуултанд ямараар  нөлөөлж байна вэ? 

 

-Эдийн засгийн хүндрэл, валютын ханшны өсөлтийн  нөлөөлөөгөөр импортын барааны үнэ өссөөр байгаа нь иргэдийн худалдан авах чадварт хүндээр тусч байна.  Сүүлийн жилүүдэд дотоодын хүнсний хэрэгцээний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногоо, гурил гэх зэрэг бүтээгдэхүүнүүдийн нийлүүлэлт ихтэй байна. Иймээс  Алтантариа ХХК нь  бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулан борлуулж байна.

 

-Иргэд маань ирэх онд чанар сайтай гурилыг хямд  үнээр  хэрэглэх болж байна гэж ойлгож болох уу?

 

-Гурилын үйлдвэрийн түүхий эд болох улаан буудайн нөөц ихтэй байгаа тул хэрэглэгчид маань ирэх онд хямд үнээр хэрэглэх боломжтой болж байна. 

 

Төлбөртэй нийтлэв

Shuud.mn
Сонин хачин