Агаарын бохирдлын улмаас хүүхэд эндэж байна
2016-12-07

Гэрэл зургийг MPA.mn

 

НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс хамтран гаргасан  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” тайланг танилцууллаа.

 

Агаарын бохирдлын улмаас дэлхий нийтээр Жил бүр 4,3 сая хүн нас барж байгаагийн хагас сая нь тав хүртэлх насны хүүхэд байна.  Амьсгалын замын эрхтэний өвчлөл 2005 онд 10 мянган хүн амд 697 байсан бол 2014 онд 1730 болж 2.4  дахин өссөн  тоо баримтыг судалгааны байгууллагууд танилцуулав.

 

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг уг тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй дурьджээ. Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учир  амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан хатгалгаа өвчин эзэлж байгаа ажээ. Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

 

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ  “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг буруулах нь” судалгааны тайланг УИХ, Засгийн газарт танилцуулан Агаарын бохирдлын төлбөрийн орлогыг хуулийн дагуу зарцуулах, гаднаас импортлож байгаа хуучин автомашины татварыг нэмэгдүүлэх, нийтийн тээврийн тогтолцоог боловсронгуй болгох, ард иргэдийн дунд хуучин машины хэрэглээний хор уршгийн талаар таниулах, нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2016-2017 онд “Цэвэр агаар сан”-г сэргээж, агаарын бохирдлыг бууруулах стратеги, төлөвлөлтөө боловсронгуй болгож, орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих, насжилт ихтэй автомашины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээнээс хасах,  нийслэлийн эрчим хүчний эх үүсвэрийг балтгаатай болгох, нийтийн тээврийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх зэрэг бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээв.

 

Мөн агаарын чанарыг сайжруулах  бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуух, боловсруулсан түлшээр зорилтот бүлгийг хангах ажлыг ойрын таван жилд зохион байгуулахаар төлөвлөөд байгааг БОАЖ-ын сайд танилцууллаа.

 

Түүнчлэн нүүрсний хэрэглээг хязгаарлах, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нүүрс шингэрүүлсэн хий гаргах үйлдвэрийг дэмжин ажиллаж, шөнийн цахилгааны хэрэглээний тарифыг хөнгөлөхөөр ажиллаж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин