Хөгжлийн банкийг хаалттай хэлэлцэх хэрэгтэй
2016-12-22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараагаар нь Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. “Хөгжлийн банкны дүрмийн санг 16.7 тэрбум төгрөгөөр бүрдүүлсэн. Үүнийг  үе шаттайгаар нэмэгдүүлсээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 245.3 тэрбум төгрөгт хүрсэн байна. Гэвч Хөгжлийн банкинд үүссэн санхүүгийн нөхцөл байдалд өөрийн хөрөнгийн өсөлтийн хурд зээлийн багцын өсөлтийн хурдыг гүйцэхгүй, улмаар 2016 оны жилийн эцэс гэхэд буурахаар байгаа нь тус банк санхүүгийн зохистой харьцааны үзүүлэлтүүдээ хангаж ажиллахад хүндрэлтэй болжээ. Иймд банкны өөрийн хөрөнгийн зохистой байдлыг хангах, хөрвөх чадвартай актив хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Тиймээс Хөгжлийн банкны үндсэн хөрөнгийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлж, авах арга хэмжээний талаар тогтоолын төсөлд тусгажээ.

 

Байнгын хороо уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хөгжлийн банкны асуудлыг МАН хаалттай хуралдах гэж байна. Үүнийг нээлттэй хэлэлцэх ёстой. Хөгжлийнн банкны асуудлаар зарим материалтай танилцах үүднээс АН 5 хоногийн завсарлага авч байна” гэлээ. Харин гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр Хөгжлийн банкинд авах арга хэмжээний Засгийн газрын тогтоолын төсөл бол шалгалтын дүн биш. Тиймээс хэлэлцэх шаардлагатай. Хаалттай хэлэлцэх асуудлыг танай намын гишүүн З.Нарантуяа гаргасан” хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Байнгын хороон дээр хаалттай хэлэлцсэн зүйлийг УИХ-ын чуулган дээр нээлттэй хэлэлцэх нь зөв үү. Дэгээрээ ямар байдаг вэ? 1.5 тэрбум доллар, 300 сая иен, хамгийн сүүлд 70 сая ам.доллар Хөгжлийн банкинд нийлүүлсэн байхад яагаад ам.долларын ханш буураагүй, нэмэгдсэн бэ? Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа 6 банк хангалттай ам.доллар авсан” хэмээн асуув. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Байнгын хорооны хуралдаанаар асуудлыг нээлттэй хэлэлцэх байсан. З.Нарантуяа нарын гишүүн хаалттай хэлэлцэх санал гаргасан учир дэмжигдсэн юм. Хаалттай хуралдаанаар хэн хичнээн төгрөгийг авсан, Засгийн газар яаж зохицуулсан зэргийг деталчилж ярья гэсэн үүднээс хаалттай хуралдсан. Гишүүд энэ үүднээс нэлээн мэдээлэл авсан байгаа. Хаалттай хэлэлцсэн мэдээллийг нээлттэй цацаж болохгүй. Тиймээс хаалттай хуралдаанаар явуулах нь зөв гэсэн байр суурьтай байна” гэлээ.

 

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Энэ асуудлыг Засгийн газар хямралын үеийн яаралтай хэлэлцүүлэх  асуудлаар оруулж  ирсэн. Үүнийг дараалал харгалзахгүй хэлэлцдэг. Завсарлагын тухайд УИХ-ын дэгээр “Нам, эвслийн бүлэг завсарлагыг  хоёр удаа авч болно. Ингэхдээ 5 болон 3 хоногийн завсарлага байх юм гэж заажээ. Энэ удаад Хөгжлийн банкны шалгалтын асуудлыг хөндөхгүй сэхээнээс гаргах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол сэхээнд орох аргагүй боллоо, Хөгжлийн банк. Намын бүлэг өөрсдийн хэлсэн хугацаагаар завсарлага авдаг. АН-ын бүлгийн гишүүд Хөгжлийн банкны асуудлыг түргэвчлэн хэлэлцье гэж бодож байвал хугацаанаасаа өмнө завсарлагаа дуусгаж болно” хэмээв.

 

Ийнхүү ажлын цаг дууссан учир УИХ-ын чуулганы хуралдааныг өндөрлөлөө.

Н.Энх  

Shuud.mn
Сонин хачин
Яахаараа хаалттай хэлэлцдэгийн МАН мөнгө сонгуульд их хэмжээгээр зарцуулсан аа нуун ядаж бх шив
2022-10-14