ББСБ-ууд мөнгө хүүлэгч нэрнээсээ салах уу
2016-12-27

Санхүүгийн зохицуулах хороо өчигдөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх нэгэн том бодлогоо зарлалаа. Тус байгууллага ББСБ-ын зээлийн хүүг үе шаттайгаар хоёр дахин бууруулж, 2.1 хувьд хүргэх зорилгыг тавьжээ. Ингэснээр ББСБ-ын хөрөнгө өсч, зээлдэгчдийн тоо ч нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл санхүүгийн зах зээлд ББСБ гэх том өрсөлдөгч бий болно гэсэн үг.

 

 

Өдгөө Монголын санхүүгийн зах зээл арилжааны банк гэх ганцхан тулах цэгтэй байгаа. Тус зах зээлийн 90 гаруй хувийг арилжааны банкууд эзэлж байна. Энэ өрөөсгөл систем эргээд нийгэмд хүнд ачаа болж эхэлснийг иргэдээс эхлээд санхүү, эдийн засгийн салбарынхан хэлдэг. Тиймээс санхүүгийн зах зээлд өөр тоглогч бий болох, орох, хөгжих орон зайг бүрдүүлэх шаардлага тулгарч буй. Энэхүү шаардлагын үүднээс Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-уудыг бэхжүүлж, хүчирхэгжүүлэх том алхмыг хийж эхэллээ.

 

Эхлээд шинээр байгуулагдаж буй ББСБ-ын хөрөнгийн хэмжээг 2.5 тэрбум төгрөг болгох шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр зээлийн хүүг бууруулах бодит хөрс болжээ. Одоо дундажаар сарын 4.3 хувийн хүүтэй байгаа зээлийн хүү дөрвөн жилийн дараа 2.1 хувь болон буурна. Энэ цагт ББСБ-ууд мөнгө хүүлэгч нэрнээсээ салж, санхүүгийн зах зээлийн цэвэр тоглогч болох хөгжлийн замдаа орно.

 

Мөн банк бус санхүүгийн салбарын олгосон нийт зээл дөрвөн жилийн эцэст 1.7 их наяд болж, арилжааны банкны зээлийн 10-аас илүү хувьтай тэнцэх тооцоо гарч байна. Зээлийн үйлчилгээний зах зээлд ийм хэмжээний байр суурьтай болсноор банк бус санхүүгийн үйл ажиллагааны нийт санхүүгийн салбарт эзлэх нөлөө мэдэгдэхүйц нэмэгдэж, өрсөлдөөн бий болно. Улмаар ББСБ-уудын зээлийн хүү буурах нь нийт санхүүгийн зах зээл дэх зээлийн үйлчилгээний хүү төлбөрийг бууруулах эерэг хөшүүрэг болж чадна.

 

Харин Монголбанк арилжааны банкуудын талаар ямар бодлого барих вэ? Гадны банк оруулж ирвэл Монголын санхүүгийн зах зээл эрүүлжинэ хэмээн ярьж, найдсаар суух уу. Хадгаламж болоод зээлийн хүүнд ямар өөрчлөлт оруулах, санхүүгийн зах зээлийг хэрхэн тэнцвэртэй болгох зэргээр хүндрэл болж буй олон асуудалд тодорхой хариулт өгөх хэрэгтэй байна. Товчхондоо арилжааны банк гэх мөнгө хүүлэгчдийг хэрхэн зохицуулах нь өнөөгийн шийдлээ хүлээсэн том асуудал мөнөөсөө мөн.

 

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Банкны тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэв. Энэ хуулийг өөрчилснөөр Монгод гадны банк оруулж ирэх нөхцөл боломж бүрдэнэ гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тайлбарласан. Товчхондоо энэ Засгийн газар гадны банк оруулж ирэхээр эргэлт буцалтгүй шийдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэ асуудлыг гадаад бодлого, аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр зохицуулж, гадны банк оруулж ирэх цаг нь болсон хэмээн дэмжиж буйгаа илэрхийлж.

 

Гадны банк оруулж ирлээ гэхэд бүх зүйл өргөс авсан мэт эрүүл болохгүй. Тиймээс төв банк бодлогоо тодорхой болгож, ил тод зарлах, түүнийхээ төлөө ажиллах ёстой. Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын зээлийн хүүг хоёр дахин бууруулна гэдгээ ам бардам хэлж байна. Төв банкинд арилжааны банкны зээлийн, хадгаламжийн хүүг тэдэн хувьд хүргэнэ, барина гээд хэлчих ам бардам хэлэх бодлого, зорилт байхгүй гэж үү?!

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин