Хууль батлагдсан ч баталгаагүй байна
2017-01-05

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийг дагаж мөрдөх хугацааг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болгосон.  Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлж, түүнд нийцүүлж хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төслөөр  Хуульд хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг хийх хугацаа 1 жил байсныг хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд, шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болох зохицуулалтыг тусгалсан байна.   Хууль санаачлагач субъект бүр ижил нөхцөлтэй гэнэ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Л.Болд “Бид эцсийн найруулга дээр батлагдсан хуулийг хүчингүй болгож, буцааж байсан. Баталсан хууль батлагдсан ч баталгаагүй болж байна. Хууль мөрдөгдөж эхлээд 7 хоноогүй байхад хэлэлцүүлээд сууж байгаа нь болж байна уу. Ямар нэг хуулийг хэрэгжихийг нь сар орчим харж болохгүй юу" хэмээсэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт:

 

-Энэ хууль 2015 онд батлагдсан. Энэ хуулийг батлах гэж олон хүн оролцсон. Хууль батлагдаад ердийн журмаар хэрэгжиж эхлээгүй. Хойшлуулж байгаад аргачлалыг нь тусгаж өгөхөөр болсон. Тиймээс хэрэгжиж эхэлж байгаа хуулиндаа аргачлалыг нь тусгаж өгөхөөр хэлэлцүүлж байна хэмээлээ.

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин