Гадаад харилцааг тэлэхээс танаж болохгүй
2017-01-06

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Дипломат албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлд Дипломат төлөөлөгчийн газарт томилогдох томилолтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчилжээ. Практикт дипломат ажилтнууд ажиллах улсдаа очоод төвхнөх, суугаа орныхоо төр, засгийн албаны хүмүүстэй албаны болон ажилд эерэгээр нөлөөлөх хувийн харилцаа тогтоох, ажилтайгаа танилцах, үйл ажиллагаа жигдрэх зэрэгт багагүй хугацаа ордог байна. Иймд 4 жил хамгийн тохиромжтой бөгөөд томилолтын хугацааны олон улсын жишиг 4 жил байдгийг харгалзсан аж. Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага болжээ.

 

Энэ хүрээнд хилийн чанадад ажиллагсдын цалин хөлсийг 3 жил тутамд Засгийн газраас шинэчлэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуулалтыг нэмсэн байна. Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 300 орчим мянган ам.долларын зардал гарах боловч энэхүү зардлыг 2017 оны 6 дугаар сараас хаахаар төлөвлөж байгаа 4 дипломат төлөөлөгчийн газрын санхүүжилтийн зардлын хэмнэлт, мөн томилохгүй царцаах орон тооны санхүүжилтийн зардлын хэмнэлтээс шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардахгүй гэнэ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил хариулж байна.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

 

-Дипломат албаны байгууллагын байрны асуудал юу болж байна вэ? ОХУ-ын ЭСЯ-ны ажилчдын нэг хэсэг нь подвальд амьдарч байгаа. Энэ мэтчлэн хэвийн ажиллаж амьдраагүй ЭСЯ-д хэр байна вэ?

 

-Москвагийн ЭСЯ-ны түрээсийн гэрээний асуудал гарсан. Үүнийг Элчин сайд Б.Дэлгэрмаа зохицуулж байгаа. Япон дахь ЭСЯ-ны байр хүндрэлтэй байгаа. Газар хөдлөлтөд тэсвэргүй, засвар хийх шаардлагатай байгаа юм. 43 дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудын амьдрах орон сууцны түрээсийн газрыг судалж байна. Ихэнх газрын дипломат албан хаагчдын тоог цөөлөхөөр ярьж байна. Энэ онд 60-80 орон тоог царцаана. 6-7 дугаар сард татдаг, томилдог асуудлыг хуульчлах шаардлагатай гэж бодож байна.

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

 

-Гадаад харилцаа гэдэг маш чухал. Чингис хааны үеэс эхлээд Ромын хаанд хүртэл захиа бичиж байсан. Нэгэнтээ тогтсон асуудлыг эвдэх гээд байгааг ойлгохгүй байна. Эдийн засгийн хямралаас болоод татах гээд байна уу. Нэгэнтээ дэлхий нийтэд ЭСЯ байгуулчихаад эргүүлээд татна гэдэг Монгол Улсын нэр хүндэд ямар байх вэ? Гадаад харилцааны бодлогыг тэлэх асуудал байхаас хасна гэж байхгүй.  Зүүн бүсийн аймгууд Хайлаар, Манжуур, Хөлөнбуйраар зорчдог.  Дорнод, Сүхбаатарыг аялал жуулчлалын бүс болгох хэрэгтэй.  

 

-Ирэх долоо хоногт 4 дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах асуудлыг оруулж ирнэ. Татан буулгах асуудал оруулж ирэх нь ГХ-ны сайдын хувьд баярлууштай зүйл биш. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тогтоолын дагуу дээрх асуудлыг оруулж ирсэн. Мөн 2017 оны төсөв батлагдахад яам, агентлагуудыг төсвөө хэмнэх даалгавар өгсөн. Бид Засгийн газар, Ерөнхий сайдын хэмжээнд хэлэлцээд дээрх дөрвөн газрыг оруулж ирсэн юм.  Нийт 12 дипломат төлөөлөгчийн газрыг сонгож цэцэрлэгийн асуудал хөндөж байна. Дээрх газруудад цэцэрлэг нь төлбөртэй байдаг. Бусад газарт цэцэрлэг нь төлбөргүй байдаг юм.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Бразиль,  Осока, Манжуур зэрэг дөрвөн газрын дипломат төлөөлөгчийн газрыг хааж байгааг зөв зүйтэй асуудал гэж бодож байна. Гэхдээ үүнийгээ түр хааж байгааг ойлгуулах хэрэгтэй. Эдгээр газруудын сонголт хийсэн үндэслэл нь ч зөв байх хэрэгтэй.  Гурван ажил тутамд цалинд нь хөдөлгөөн оруулах ямар үндэслэл байна вэ?

 

-Энэ хуулийн заалт 2018 оны төсвийн жилээс хэрэгжинэ. Улсын төсөвт мөнгө суутгах бололцоотой төсөл байх нь зөв.  Гадаад харилцааны яамны ажилтнуудын дундаж нас 35. Голцуу 1-2 цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй. Хөрөнгө зардал багатай ч гэсэн хүүхдийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Засгийн газраас гурван жил тутам цалингийн жишиг оруулж байгаа. Хамгийн сүүлд 2008 онд цалингийн жишиг тогтоосон юм билээ. Ихэнх орнуудад Сангийн болон Гадаад харилцааны сайд жил бүр цалингийн жишгийг нь тогтоодог. Тиймээс тухайн суугаа орных нь инфляцийн төвшин, амжиргааны төвшинг нь  харгалзан тогтоож байх хэрэгтэй.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
Zyyn omnod azi, brazil zereg gazruud hereggui
2017-01-09
Зочин:
хөнжлийнхөө хэрээр хөлөө жий. хуцалгүй бразил индонезээ хаа?
2017-01-06
Зочин:
Яаж ард түмнээ хуурах вэ? гэж хурал хийх юм. Элчин сайдын яам түр хаана гэж юу гэсэн ойлголт вэ? Олон улсын хэлэлцээр тухайн улсуудтай харилцаагаа түр таслах гэж ойлгодгдог
2017-01-06
зочин:
Өнөөдөр манай улсын гадаад бодлого, гадаад харилцаа мухардалд орчихоод байхад, өөрсдийнхөө хамсаатнуудыг явуулах гэж ЭСЯ, төлөөлөгчийн газрын орон тоо, байр савны тухай яриад сууцгаах юм, УИХ-ын гишүүн болсон юм бол худгийн мэлхийний хэмжээнээс хэтрээд том хараачээ.
2017-01-06