Монголын ардчилал анагаах төвшинд оччихсон байна
2017-01-19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслийн танилцуулгад “Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж, тэдний үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа шууд тусгах боломжийг бүрдүүлэх нь ардчиллын суурь зарчмыг бэхжүүлэх үндсэн нөхцөл юм. Төрт ёсонд зөвлөлдөх ардчиллыг хэвшүүлснээр иргэдийн улс төрийн оролцоог дэмжээд зогсохгүй төрийн байгууллага, албан тушаалтнаас батлан гаргасан шийдвэр, төсөл, хөтөлбөр, гэрээ хэлцэл, бодлого бүхэлдээ, тэдгээрийн тухайлсан заалт болон дэд хэсгүүд улс төр болон бизнесийн бүлэглэлийн цомхон хүрээний эрх ашиг бус,  нийтийн эрх ашигт нийцэж, цаг хугацаа, хөрөнгө хүчний хувьд амьдралд хэрэгжих боломж эрс нэмэгдэж, хууль тогтоомжийн чанарт эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй.

 

Хууль, шийдвэр батлахдаа нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг иргэдийн зөвлөлдөх санал асуулгаар тодруулах, улмаар түүнийг шийдвэрлэх шийдлийн талаар иргэдтэй зөвлөлдөх механизмыг шинээр бий болгосноор баталсан хууль, шийдвэр иргэдийн дэмжлэгийг авах, бодитой хэрэгжих үндсэн нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гаргах зардлыг улс, орон нутгийн төсвөөс, түүнчлэн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжүүлж болох ба хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ нь тухайн зөвлөлдөх санал асуулгын нийт санхүүжилтийн 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлахаар тусгасан болно”” гэдгийг онцолжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэллээ.

 

Уг хуулийн төслийг гишүүн Ц.Нямдорж эсэргүүцэж байгаа юм. “Үндсэн хуулинд олон нийтийн санал асуулга гэж заасан байгаа. Бусдаар санал асуулга явуулж болохгүй. Дээр нь төсөв мөнгө ч гарах юм байна”  гэсэн байр сууриа илэрхийлж байсан юм. Харин гишүүн О.Баасанхүү “Энэ зөвлөлдөх саналд хичнээн төсөв орох вэ, ямар улсын туршлага вэ” гэдгийг асууж байлаа. Хууль санаачлагач Г.Занданшатар “Нийт 27 орны туршлага байгаа. Үүнээс Хятад дэд бүтцийн томоохон төслүүдээ ард иргэдтэйгээ зөвлөлдөж энэ аргачлалаар шийдэж, үр дүнд хүрсэн. Мэдээлэлжүүлж, судалгаан дээр суурилж шийдвэр гаргана” хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Баатарбилэг:

 

-Иргэдийнхээ нэрийг барьж янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг туршлага манайд зохихгүй. Өнгөрсөн дөрвөн жил ийм арга хэмжээ биднийг юунд хүргэсэн бэ. Засгийн газар саналаа өгсөн байна. Төслийн бараг бүх заалт дээр өөр хуулиудтай давхцаж байна гэсэн байна. Улс орны эдийн засаг хүнд, мөнгөгүй байна гэдгээ тайлбарлаж. Гэтэл ингэж тайлбарласан байхад Зөвлөлдөх зөвлөлийг цалинжуулна, цалинтай чөлөө өгнө гээд асар олон мөнгөтэй холбоотой асуудал байна. Хот төлөвлөлт, аймаг орон нутгийн газрын асуудалд орсон байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдаж, ИТХ-ын эрхэнд халдаж байна. Орон нутагт улстөржилтийг гааруулна. Хамгийн ноцтой нь олон улсын байгууллагаар санхүүжүүлэх асуудал  оруулж иржээ. Ингэж болохгүй. Бид ингэж бүх зүйлийг хуульчлах гээд байхаар байгаа  хуулиудаа мөрдөөд явах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Би олон шинэ хуулийг нутагшуулсан. Зарим нь эрсдэлтэй байсан. Шууд ардчилал манайд хэрэгжиж чадахгүй байгаа.  Тиймээс  зөвлөлдөх ардчилал байх нь зүйтэй юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Энэ оруулаад ирсэн зүйлийг чинь уншаад байхаар эцсийн дүндээ хуулийн зүйл юу ч алга. 330 суманд судалгаа хийдэг мэргэжлийн байгууллага байхгүй. Судалгаа хийлгэлгүйгээр орон нутгийн төсөв баталвал хэнд хариуцлага тооцох юм. Тэр зөвлөлдөх зөвлөлийн хурлаас хэн ч асуудал хэлэлцэхгүй бол хэнд хариуцлага тооцох юм. Мөн л энэ талаар алга. Зөвлөлдөх зөвлөлийн чинь саналыг авч хэлэлцэхгүй бол шийтгэх шийтгэл байхгүй. Зөвлөлдөх зөвлөл сумын иргэдийг, хотын иргэдийг төлөөлж чадах уу. Энэ чинь хуулийн хувьд болохгүй байна.  Монголын ардчилал хэт ардчилагдаад анагаахын төвшинд оччихсон байна. Хэзээ ард иргэдийнхээ саналыг авдаг болчихсон юм. Эсрэгээр нь шийддэг байж.  Хуулийн хувьд ёстой түүхий байна. Хаана  байна тэр орон нутгийн судалгаа гаргах мэргэжлийн байгууллага байна. Орон нутгийн сангийн мөнгийг бид 12 дугаар сард баталдаг. Аймгууд төсвөө баталдаг юм.

 

Ийнхүү гишүүд хэлэлцээд уг хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. Энэ хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэнээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болж байгаа юм.

 

Чуулганы хуралдаанаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Tseskaй:
Энэ хууль бол торийг хоер хувааж устгах бодлогын эхлэл уунийг анх саачлагч хэн гэдгийг та нар мэдэж байгаа
2017-01-19
Tseskaй:
Энэ хууль бол торийг хоер хувааж устгах бодлогын эхлэл уунийг анх саачлагч хэн гэдгийг та нар мэдэж байгаа
2017-01-19