Түүхэн сонголтын босгон дээрх АН
2017-01-26

 

АН  түүхэндээ анх удаа намынхаа даргыг бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар сонгууль зохион байгуулах гэж байна. Зөвхөн АН биш Монголын улс төрийн намын түүхэнд анх гарч ирж байгаа шийдэл. Намын даргыг эрх мэдэл бүхий хэдхэн хүний тохиролцооны дагуу биш энгийн гишүүд дэмжигчдийн саналаар сонгоно гэдэг яах аргагүй том ардчилал.

 

Тийм болохоор АН анхдагч байж чадлаа. Намын даргын сонгуульд таван хүн өрсөлдөхөөр болж, сар гаруйн хугацаанд сунгаа хийлээ. Хамтдаа 21 аймгаар явж дууссан. Одоо Улаанбаатар хотын дүүргүүдээр явж, иргэд, сонгогчидтойгоо уулзаад дуусч байна. Намын даргын сонгууль энэ сарын 29-нд буюу ердөө гуравхан хоногийн дараа болох гэж байгаа. 2016 оны сонгуулиар намаа ялагдуулсан, шороо бужигнуулан унах бүхий л замыг өөрийн гараар зассан З.Энхболд гэдэг хүн намын даргын ажлаа өгнө. АН шинэ даргатай болно.

 

Бүр энэ намын энгийн гишүүд, дэмжигчид болох 170 гаруй мянган хүний олонхийн саналыг авч, итгэлийг хүлээсэн хүн намын дарга болох учиртай. Харин тэр хүн хэн байхаас АН-ын цаашдын хувь заяа шийдэгдэх болов уу. Хамгийн гол нь энэ намыг өөд нь татаад, зөв аваад явчих, фракциудын талцлыг зангидах, дотоод ардчилал нэрийн дор юу дуртайгаа бурахыг болиулчих дарга хэрэгтэй. Тийм хүнийг АН-ын энгийн гишүүд, дэмжигчид сонгох цаг болсон.

 

Намын даргын төлөөх сунгаа эхэлж, таван нэр дэвшигч үнэмлэхээ гардаж авах үед З.Энхболд дарга баахан сум тараасан. Эвтэй байгаарай л гэсэн утгатай. Өнөөх сум нь сүүлийн сар гаруйн хугацаанд тэднийг тавлах, баалах хэрэгсэл боллоо. “Эвтэй тав” энэ тэр гэсэн сонин арга хэрэглэж, явахгүй пиар хийсэн. Тэд хэдийгээр хамтдаа явж, иргэдтэй уулзахдаа улаан цагаан нэгнийгээ муу хэлээгүй л дээ. Гэхдээ зарим нэг нь цагаандаа гараад, бусдыгаа муучлах, өөрийгөө өмөөрөх юм ярьж байсан ч удаа бий. Харин сошиал ертөнцөөр жинхэнэ утгаараа “дайтаж” байна.

 

Юун эв түнжин. Угаасаа ялах, ялагдахаа үзэх гэж байхад эв түнжин ч юу байх вэ. Өөр өөрийн чадахаараа л пиар хийж, өөрийгөө дөвийлгөж таарна. Бусдыгаа ч жаал жуул шоглоод л байгаа. Ойрын үед тэдний сурталчилгаа, хар, цагаан пиар нэлээд идэвхжиж эхэллээ. Угаасаа сонгууль дөхсөн, сүүлчийн ганц, хоёр өдөрт бүхий л аргаа нэр дэвшигчид хэрэглэдэг. Өнөөх сунгаа эхэлж байхад авсан таван сумныхаа дөрвийг нь аль хэдийнэ харвачихсан. Одоо хамгийн чухал сумаа тавих гээд л байж байгаа л даа, ойлгомжтой. Тийм болохоор янз бүрийн судалгааны үр дүн энэ тэрийг сонин, сайтаар гаргаж, тэрнийг ч өмөөрөх хурал, энийг ч дөвийлгөх яриаг хийж байна.

 

МРО мэдээлэл судалгааны төвөөс Ардчилсан намын дар­гын сонгуулийн үйл явдалтай хол­боо­той социологийн судал­гааг 2017 оны нэгдүгээр сарын 21-22ны өдрүүдэд хийсэн. Су­дал­гааны үр дүнгээр АН-ын гишүүд, дэмжигчдийн ихэнх нь С.Эрдэнийг дарга бол­гох хүсэлтэй байна. Харин Н.Алтанхуягийг Ерөн­хий­лөгчийн сонгуульд өрсөлдсөн нь дээр гэж гарсан л гэнэ. Өөр нэг судалгааны дүнгээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тэргүүлсэн талаар цахим сайтууд мэдээлсэн.

 

Ер нь судалгааны дүнгээр тэргүүлээгүй хүн байхгүй л дээ. Бүгд л өөр өөрийн судалгааны дүнг гаргаж байна. Одоогоор намын дарга хэвээрээ байгаа гишүүн асан З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлгээр оролцохдоо даргын сунгаанд оролцож байгаа Л.Гантөмөрийн талаар жаахан юм ярьчихаж. Гэтэл маргааш нь УИХ-ын гишүүн байсан зарим нэг хүн хэвлэлийн хурал хийгээд, уучлал гуйх ёстой гээд л баахан юм ярьсан. Өчигдөр цахим ертөнцөд Баянгол дүүргийн АН-аас баахан мэдэгдэл гаргаад, С.Эрдэнэ гишүүнийг гүтгэж байгаад тайлбар хийж байна гээд л байсан. Энэ мэтээр “дайн” нэлээд ширүүсч байгаа. Энэ таван хүн АН-ыг тав хуваах вий гэсэн болгоомжлол бараг л биеллээ олох гээд байна.  Гэхдээ энэ яах вэ, өрсөлдөөн дунд энэ зэргийн юм байх.

 

Илүү муухай хар болоод, дараа нь эвлэршгүй ан цав үлдээчихгүй л боллоо.  Хамгийн гол нь намын даргын сонгууль дууссаны дараа цусаа гартал тулалдсан тамирчид тэврэлдээд салдаг шиг хэн нь ч ялсан хамтраад ажиллана гэж амласнаа л биелүүлэх хэрэгтэй.  Мэдээж иргэд, АН-ын жирийн гишүүд, дэмжигчид энэ тавын хүний нэгийг сонгоно. С.Эрдэнэ үү, Н.Алтанхуяг уу, эсвэл Д.Эрдэнэбат уу.

 

Үгүй бол Л.Гантөмөр ч байж болно, цаашлаад Ж.Батзандан ч ялахыг үгүй гэх газаргүй. Гэхдээ иргэд энэ түүхэн сонголтын өмнө зөв л сонголт хийгээсэй билээ. АН бол Монголын улс төрд байгаа хоёр том хүчний нэг. Энэ нам ямар байх, зөв бодлоготой, улс орноо хөгжүүлэх чин хүсэл, эрмэлзэлтэй гишүүдтэй, сайн даргатай байна гэдэг улсад л сайн.  2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулсан.

 

УИХ-д 65 суудалтай. Гэтэл хамгийн хүчтэй сөрөг хүчинтэй үеийнхээсээ ч удаан, залхаг байна. АН хэрвээ жаахан жин дараад өгдөгсөн бол шахаж шаардаад ажил явах л байсан байх. Түлхэх хүч энэ төрд чинь бас хэрэг болоод байна. Тийм болохоор одоо жаахан уналттай байгаа намыг босгоод ирэх чадвартай, зангарагтай, бусдыг зангидаж чадах л хүн хэрэгтэй.  АН түүхэн сонголтын өмнө байна гээд дахиад хэлчихье.

 

Таван хаалганы аль нэгээр нь орох болчихоод байна. Аль хаалгыг нь түлхэх вэ гэдгээс их зүйл шалтгаална.  Тэр хаалганы цаана эв нэгдэлтэй, гишүүдээ сонсдог, фракцид хуваагддаггүй АН л байх ёстой. МРО мэдээлэл судалгааны төвөөс Ардчилсан намын даргын сонгуулийн үйл явдалтай холбоотой социологийн судалгааг хийсэн гэсэн дээ. Тэр судалгааны хүрээнд “Ардчилсан нам цаашид хэрхэн өөрчлөгдөх вэ” гэсэн асуулт тавихад ихэнх хүн “Эв нэгдэлтэй, Гишүүдээ сонсдог, Дүрмийн хүрээнд ажилладаг, Фракц бүлэглэлгүй” болж өөрчлөгдөх хэрэгтэй гэж хариулсан байгаа юм.

 

Харин “АН-ын дарга ямар хүн байх ёстой вэ” гэдэг асуултад ихэнх хувь нь АН-ыг сөрөг хүчин шиг байлгаж чадах тэмцэгч сэтгэлгээтэй, амжилтад хүргэх туршлагатай улстөрч байвал дээр гэж хариулжээ. АН-ыг хүчтэй сөрөг хүчин байлгаж, цаашид амжилтад хүргэх чадвартай хүн энэ тав дунд байгаа нь тодорхой. Хэрвээ энгийн гишүүд дэмжигчид ингэж хүсч байгаа бол УИХ-ын танхимд сууж байгаа хүнийг сонгох хэрэгтэй байх. Тэгэхээр Л.Гантөмөр, Н.Алтанхуяг хоёр биш байж таарах гээд байна. Чадвартай, туршлагатай гэвэл Ж.Батзанданд хамаагүй болж хувирах нь. Тэгэхээр гол өрсөлдөөн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ хоёрын дунд л өрнөх нь гэж харж болохоор байна.  Энэ хоёр хаалганыхаа зөвийг нь л олонхи нь түлхээсэй билээ дээ.

 

Эх сурвалж:mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
an:
zaawal gishuun bh albagui. harin ch zawtai khun darga bolson ni deer dee. Ardchilsan nam yaliya l gj bgaa bol A
2017-01-26