Хөгжлийн банкийг хэлэлцэнэ
2017-02-01

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Аялал, жуучлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуучлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаархи Байгаль орчин, аялал жуучлалын сайдын мэдээллийг сонслоо.

 

Гадаадын бүлэг жуулчдыг визгүй оруулах талаар сайд мэдээлэлдээ дурдаж байсан юм.  Гишүүд дотоодын аялал жуучлалыг хөгжүүлэхэд анхаарах талаар саналаа хэлж, шүүмжлэлтэй хандаж байв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Д.Оюунхорол сайд хоёр удаа аялал жуучлалын сайдаар томилогдсон. Ажлаа мэдэж байна. Гэхдээ салбарын хүмүүсийн ажлыг хаагаад өөрөө хийгээд байна. Жуулчин ирэх нөхцөл бололцоог нээгээд өг. Бодлогоор ийм тийм сайхан байна гээд хэлэхээр сайжраад байхгүй. Монгол Улсын талаар мэдээлэл хайхаар байгаль, гэр хороолол, Чингис хаан л гарч ирдэг гэж байгаа”  гэсэн юм.

 

Байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг  хэлэлцэхээр байлаа. Харин гишүүн Ч.Хүрэлбаатар Хөгжлийн банктай холбоотой хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргажээ. Тиймээс энэ асуудлаар  санал хураалт явууллаа. Байнгын хорооны гишүүдийн олонхи нь уг саналыг дэмжсэнгүй.

 

Ийнхүү байнгын хорооны хуралдаан завсарлаж, үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин