Улаанбаатар
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээллийг сонслоо
2017-2-1

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн /2017.02.01/ хуралдаан 09 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл сонссон юм.

 

 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн танилцуулгыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хийв. Тэрээр, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль анх 2010 онд батлагдан хэрэгжсэнээр 3 жил гаруйн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгоогүй нь зам, барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үед тэдгээр бүтээн байгуулалтад шаардлагатай элс, хайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажил зогсонги байдалд орсон гэж үзэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг УИХ-аас 2014 оны 01 дүгээр сард баталсан. Улмаар уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт олгосны дагуу 2014 оноос эхлэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга нар олгож байна. Хууль батлагдсанаас хойш 2017 оны 01 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 826 өргөдөл аймаг, орон нутгийн Засаг дарга нараар дамжин Ашигт малтмалын газарт /хуучнаар/ ирсэн. Үүнээс 273 тусгай зөвшөөрөл олгогдсон бөгөөд 205 өргөдөлд олгох боломжтой талаар дүгнэлт гарсан, мөн 317 өргөдөлд олгох боломжгүй талаар тус тус дүгнэлт гарсан байдалтай байна.

 

 

Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолын 3 дахь хэсэгт “Туул голын сав газар, түүний ойр орчимд элс, хайрга олборлохыг зогсоох”, мөн 9 дэх хэсэгт “Туул голын энгийн хамгаалалтын бүсэд олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 11, ашиглалтын 39 тусгай зөвшөөрлийг цуцлах, 116,9 га талбайд нөхөн сэргээлт хийлгэх”-ээр Засгийн газарт чиглэл өгсөн. Туул голын орчимд нэгэнт олгогдсон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөвхөн тус хуульд заасан үндэслэлээр цуцлах хуулийн зохицуулалттай. Уг асуудлыг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах” гэсэн 37 дугаар зүйлээр зохицуулж байна. Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгай зөвшөөрлийг цуцлах дөрвөн үндэслэлийг заасан бөгөөд уг асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх бүрэн эрхтэй байна. Түүнчлэн Байнгын хорооны тогтоолын 10 дахь хэсэгт “..түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах эрхийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх”-ийг Засгийн газарт чиглэл болгосон. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох замаар тусгай зөвшөөрөл олгох, цуцлах эрхийг шилжүүлэх боломжтой. Иймд 2014 оны Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгох боломжтой болсон тул Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл түүнийг хүчингүй болгох асуудлыг дэмжиж байна гэлээ.

 

 

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авахын зэрэгцээ саналаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуультай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хийж буй ажлын талаар тодруулга авсан юм. Түүнчлэн тэрээр АНУ-ын туршлага судлахад холбогдох газар нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэн тэргүүнд нөхөн сэргээлт хийлгүүлэх тухай баталгаа авдаг. Тухайлбал, тухайн аж ахуйн нэгж баталгаа болгож мөнгө байршуулдаг юм байна. Иймд гадны сайн туршлагыг нэвтрүүлэх үүднээс уг хуульд тусгах санал илэрхийлж байсан юм.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж хэлэхдээ, лицензийн зохицуулалтыг тухайн аймаг, нийслэл өөрөө шийдвэрлэж байгаа нь тус яаманд хүндрэл учруулж байна. Иймд аймаг, нийслэлийн удирдлагуудад удирдамж өгч, хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүсч байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар яам, газар болон Засаг дарга нар нэг тогтолцоо дор ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн хуульд нөхөн сэргээлт хийх төдийгүй мөнгө байршуулах тухай асуудал тусгагдсан байгаа гэв.

 

 

Ийнхүү “Туул голын бохирдлын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2016 оны 03 дугаар тогтоолын биелэлт, явцын талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлэл, УИХ-ын гишүүдийн саналыг сонссоны дараа Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан юм. Уг тогтоолын төсөлд тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд түдгэлзүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрхийг цуцлах зэрэг чиглэлүүд тусгагдсан байна.

 

Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Засгийн газарт чиглэл өгөх тухай найман зүйл бүхий Байнгын хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин