10 жилийн цалинтай нь тэнцэх тэтгэмжийг нэг удаад олгоно
2017-02-02

УИХ-ын чуулган цаг сунган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай мэдээлэл хийсэн юм. Тиймээс чуулган хаалттай горимд шилжин, ажлын цагийн хугацаанд гишүүд мэдээлэл сонсож, асуулт тавьж, хариулт авсан. Ажлын цаг дууссан хэдий УИХ өнөөдрийн хэлэлцэх асуудалдаа орж, цаг сунган хуралдаж байгаа юм. Ингээд “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2017 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хаалттай хэлэлцсэн.

 

Эдүгээ чуулганы хуралдаан нээлттэй горимд шилжин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Ц.Нямдорж  “Согтуу хүн бужигнуулаад эхэлвэл яах вэ? Нөхцөл байдал чинь хувирамтгай. Энэ хуулийг дагаж мөрдөх хууль байдаг. Байнгын хороо анхны хэлэлцүүлгээр нь батлуулах санал оруулахаар болсон шүү,  ажлын хэсэг” хэмээн сануулав. Ингээд Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Дараагаар нь Гамшгаас хамгаалах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийг нийт 45 хуулийн дагалдаж байгаа юм. Уг хуулиар албан үүргээ гүйцэтгэж яваад албан хаагч амь насаа алдсан тохиолдолд цалингийн нь дундажаар тооцон 10 жилийн цалинтай нь тэнцэх мөнгийг нэг удаад олгох ажээ.

 

Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд гэр бүл, үр хүүхдэд нь 10 жилийн хугацаанд сар бүр сарынх нь дундаж цалинг олгож байжээ. Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд асуудал үүсдэг байна. Тиймээс гэр бүлд нь нэг удаад 10 жилийнх нь цалинтай тэнцэх мөнгийг олгохоор тусгасан байна.

 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Гамшгаас хамгаалах хуулийн төслөөр ард иргэдийг гэнэтийн байгалийн гамшгийн үед бие хамгаалах анхны мэдлэгтэй болгох чухал. Социализмын үед энэ талаар сургалт явуулдаг байсан. Тухайлбал газар хөдлөлтийн үед аюулаас хэрхэн хамгаалах талаар иргэний мэдлэг олгох хэрэгтэй" хэмээлээ.

 

Ингээд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Үүний дараагаар Гамшгаас хамгаалах хуулийн төслийг  батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар энэ хуулийг баталлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин