Замын нэг жилийн баталгаат хугацааг уртасгана
2017-02-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Гишүүд үндэсний төлбөрийн системийг нэвтрүүлснээр шинэ шатанд гарч байгааг онцлоод луйвар зэрэг  сөрөг үзэгдлээс сэргийлэхийг анхааруулж байлаа. Ингээд Үндэсний төлбөрийн системийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжсэн юм.

 

Дараагаар нь Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ЗТХ-ийн сайд Д.Ганбат хариуллаа. асуулт асууж, үг хэлсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Манай улсад замын чанар их яригддаг. Сүүлийн үеийн стандартыг хэр хэрэглэж байна вэ. Ямар стандартыг нутагшуулах бол. Ямар стандартыг баривал Монгол Улсын эрх ашигт илүү хэрэгтэй вэ?

 

-Бид замын чанарыг сайжруулах талд онцгой анхаарч ажиллаж байна. Замын стандартуудаа шинэчлэх, шилдэг технологийг нутагшуулах талаар дэс дараатай хийж байгаа. Цемент, бетон хучилттай автозамыг хийхээр хэлэлцэж байна. Эхний ээлжинд Дархан-Улаанбаатарын чиглэлийн автозамыг энэ төслөөр барихаар үндэсний компаниудтай ярьж байна.

 

УИХ-ын гишүүн А.Баделхан:

 

-Анхны автозамын хуулийг батлаад 20-оод жил болжээ. Намрын чуулганаар энэ хуулийг батлан хэлэлцэх нь зөв юм. Улсын чанартай автозамын засвар арчлалт  муу байгаа. Замын чанарыг тав ангилж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ улсын чанартай замын хөрөнгийг  тодорхой болгох шаардлагатай байна.

 

-Улсын чанартай замыг улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй байгаа. Тиймээс улсын төсөвт дарамт үзүүлэхгүйгээр шийдэх арга зам хайж байна. Замын чанарыг сайжруулахын тулд стандартууудаа сайжруулах шаардлагатай байгаа.

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Манайд замын насжилт гэсэн ойлголт байна уу. Замын эвдрэл их гарч байгаа нь технологитой нь холбоотой юу? Замын баталгаат хугацаа 1 жил гэдэг нь их богино юм биш үү. Үүнийг уртасгаж болохгүй юу. Зам барьсан компаниудын хариуцлагыг нэмэх хэрэгтэй байна. Зам барих өртөг хэд вэ? Энэ онд хичнээн километр зам барих вэ?

 

-Замын насжилтийн асуудал хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлсэн зүйл. Чанаргүй зам барьсанаас осол их гарч байна. Замын баталгаат хугацааг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулж байгаа. Дундажаар нэг километр зам 800 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Гэхдээ хурдны замын өртөг өндөр. Жишээлэхэд, Шинэ нисэхийн Хөшгийн хөндийн хурдны замын өртөг 1 км нь 2 сая ам.доллар байсан. Бондын хөрөнгөөр 370 тэрбум төгрөгөөр автозам барьсан. Автозамын дундаж үнээс өндөр өртгөөр зам барьсан асуудал бий. Хуулийн байгууллага шийдэх байх.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин