Усан замын тээврийн тооллогыг жил бүр хийнэ
2017-02-03

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив. Дараагаар нь Усан замын тээврийн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна.

 

Гурван метрээс дээш урттай тээврийн хэрэгслийг усан замын тээврийн хэрэгслээр үйлчилгээ эрхэлж байгаа бол бүртгэх юм байна. Үүнээс бага метртэй тээврийн хэрэгслийг усан замын тээврийн хэрэгсэлд бүртгэхгүй аж. Хувьдаа хэрэглэж байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлд хамруулахгүй гэнэ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн асуулт тавьж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

 

-Усанд бид жилдээ 80-90 орчим хүнээ алдаад байна. Ялангуяа өвлийн цагаар усанд, нууранд машинтайгаа цөмөрч живдэг. Олуулаа нэг машинд суугаад явдаг. Ийм нөхцөлд аврах ажиллагаанд анхаарах, аврагч нарыг бэлтгэх хэрэгтэй байна. Усан замын тээврийн мэргэжил, мэдлэг бас муу байгаа. Тиймээс хуулийн төсөл мэдээлэл, сэрэмжлүүлэг, хүний нөөцөө бэлтгэх асуудал чухал байна. Хуулинд энэ чиглэлээр ямар заалт орсон бэ гэдгийг асуулаа.

 

“Өмнө нь усын замын тээврийн талаар сахилга хариуцлагыг тусгаагүй байсан. Энэ төслөөр усан замын тээврийн асуудлаар жил бүр сургалт сурталчилгаа хийж байгаа заасан. Үүргийг нь төрийн байгууллагад шилжүүлж байна. Хяналтыг сайжруулах чиглэлээр бид хэд хэдэн асуудлыг тусгасан. Экологийн үзлэг тооллогын гурван жилд хийхээр өнөөдрийн нөхцөл байдалд туссан. Харин бид хуулийн төсөлд жил бүр үзлэг, тооллого хийхээр тусгасан. Нийтдээ 100 гаруй усан замын тээврийн хэрэгсэл байгаа” гэдгийг ажлын хэсгээс хариулав.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Автозам, төмөр зам хөгжөөгүй байхад усан зам аминд орж байсан түүхтэй байдаг. Орхон голоос эхлээд Сэлэнгэ, Хөвсгөл мөрнөөр  явж байсан. Ононгоор хойшоо Байгал руу хойд хөрш рүү явах боломж байдаг уу. Үүнийг анхаараарай” гэсэн бол гишүүн Л.Энх-Амгалан “Манай Монгол улсын нуураар хэлхсэн Ханх суманд төрийн үйлчилгээг хүргэхэд усан замтай холбоотой. Энэ чиглэлд төр анхаарлаа хандуулах шаардлага байгаа. Мөн лиценз зөвшөөрлийг анхаас нь чангалах хэрэгтэй. Төр өөрөө ирэх жилүүдэд урт хугацааны гэрээ хийвэл Хөвсгөлд томоохон онгоц орж ирэх боломжтой” гэсэн юм.

 

Ингээд Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд шилжүүллээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин