Испанийн хараагүй төгөлдөр хуурч Монголд тоглоно
2017-02-08

 

Испани улсын алдарт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрразагийн "The Art of Piano" тоглолт Монгол Улсад болох гэж байна. Энэхүү тоглолтыг “ЖаззЛаб” хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй. Тус агентлагаас зохион байгуулж буй "Ulaanbaatar international jazz series” цувралын гуравдахь тоглолт юм.

 

Төгөлдөр хуурч Игнаси Тэрраза нь Испани Улсын Каталоны Барселон хотод 1962 онд төржээ. Тэрбээр 9 настайдаа харах чадвараа алдаж, энэ үеэс өөрийн хөгжмийн авьяасаа нээн илрүүлснээр төгөлдөр хуурч болох ирээдүйн үүд хаалгаа нээсэн гэдэг.

 

Тэрбээр Барселоны Хөгжмийн дээд сургуульд сонгодог төгөлдөр хуурчаар суралцаж төгссөн. 1980 оноос хотын клубуудэд хөгжмөө тоглож, хажуугаар нь Политехникийн Их сургуульд суралцан, компьютерийн инженер мэргэжлийг эзэмшиж, улсынхаа хамгийн анхны хараагүй компьютерийн мэргэжилтэн болсон байна.

 

Тэрбээр нийт 14 CD бичүүлснээс гадна тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлийн хөгжмийг зохиосны нэг нь “Night sounds” бөгөөд энэхүү уран бүтээл нь Холливүүдийн алдарт жүжигчин Жон Траволтагийн 2010 онд тоглосон “from Paris with love” киноны хөгжимд багтсан байдаг.

 

Харааны бэрхшээлтэй ч өөрийн дотоод ертөнцийн гүн гүнзгий мэдрэмжийг төгөлдөр хуурын хөг эгшиг, свинг хэмнэлээр дамжуулан хэрхэн илэрхийлж болохыг Монголд тоглох эл тоглолтоос сонсох боломжтой. Тоглолтод ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэнкэр, Монголын авьяаслаг залуу бөмбөрчин Б.Хүслэн нар оролцоно.

 

Тоглолт энэ сарын 9-нд 19.30 цагт УДБЭТ-ын концертын танхимд болно

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин