БХБЯ, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллана
2017-02-17

Барилга, хот байгуулалтын яам, Дэлхийн банкны групп Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) –ийн хооронд барилгын эрчим хүч, эдийн засгийн үр ашигтай байдлыг сайжруулахтай холбогдуулан барилгын норм дүрэм, хууль эрх зүйн өнөөгийн байдлыг судлан ногоон үзэл баримтлал, шаардлагад нийцүүлэн шинэчлэх, шинээр боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, ногоон барилгыг дэмжин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.

 

Санамж бичигт Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ОУСК-ийн орон (Монгол, Солонгос, Хятад) хариуцсан менежер Саймон Эндрью нар гарын үсэг зурлаа.

 

Талууд  ногоон барилгын заавал дагаж мөрдөх норм, дүрмийг боловсруулж, олон нийтийн оролцоог хангаснаар барилгын чанар, аюулгүй ажиллагааг сайжруулах, өртөг зардлыг хэмнэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд болон цаашид шинээр баригдах барилгыг ногоон барилгын шаардлагад нийцүүлэн барихад тустай болохыг онцлон энэ чиглэлээр хамтран ажиллахаа албажуулав. Энэ нь эдийн засгийн урт хугацааны үр ашигтай, орон сууцны ашиглалтын сарын зардал буурах, иргэдийн эрүүл мэнд сайжрах, хүлэмжийн хий (ХХ)-н ялгарлыг бууруулах ач холбогдолтой юм.

 

Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн “Энэхүү хамтын ажиллагаа нь барилгын салбарт эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Барилга, хот байгуулалтын яам болон Олон улсын санхүүгийн корпорацийн нягт түншлэлийн илэрхийлэл болж байна” гэдгийг онцлон Санамж бичгийг хэрэгжүүлэхэд яамны эрхлэх асуудлын хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв. Мөн тэрбээр “ОУСК-ийн дэмжлэгтэйгээр бид Монгол Улсад эрчим хүчний үр ашгийн талаарх норм дүрмийг хэрхэн боловсронгуй болгох талаар баримтлах тодорхой чиглэлтэй болно гэдэгт итгэж байна” гэв.

 

 

ОУСК-ийн орон хариуцсан менежер Саймон Эндрью “Тус корпораци нь ногоон барилгын норм дүрэм боловсруулах, түүнчлэн ногоон барилгын эзэмшигчид болон төсөл хэрэгжүүлэгчдэд санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах талаар арвин их туршлага хуримтлуулсан бөгөөд энэ утгаараа барилгын салбарын нөөцийн хэмнэлтийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн хэмжээний тэргүүлэх хөгжлийн байгууллага юм” хэмээн эрчим хүчний хэмнэлт бол байгаль орчин болон бизнесийн хувьд ач холбогдолтой болохыг тэмдэглэв.  Тэрбээр “Гол түншүүдтэйгээ хамтран бид Монгол Улсад эрчим хүчний хэмнэлттэй барилгын салбарыг хөгжүүлэх замыг тавих болно” хэмээн онцлов.

Shuud.mn
Сонин хачин