Хилийн хуулийн эх хувийг ХХЕГ-т хадгалууллаа
2017-03-09

Гэрэл зургийг mpa.mn

 

Шинэчлэн батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хууль энэ оны хоёрдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн эх хувийг ХХЕГ-т хадгалуулах ёслол өнөөдөр боллоо. Уг ёслолын арга хэмжээнд Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд болон ХХЕГ-ын удирдлага, албан хаагчид оролцлоо.

 

Арга хэмжээг нээж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Өнөөдөр туурга тусгаар Монгол Улсынхаа торгон хилийг манаж, туг сүлд нь босоо хийморьтой эх орноо хамгаалах тангараг өргөсөн хилчдийн маань хувьд түүхэн тэмдэглэлт өдөр тохиож байна. Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болсон Улсын Их Хурлаас 2016 оны 12-р сарын 28-нд баталсан Монгол Улсын Хилийн тухай хуулийг та бүхэнд гардуулан өгч байгаадаа сэтгэл маш өндөр байна” гэв.

 

Мөн салбарын сайд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд анхаарах зүйлсийг үүрэг болгов.

 

  • Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүн хуулиа сайтар судлаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хилчин нэг бүр бүрэн хэрэгжүүлж ажиллах.

 

  • Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газрын болон Хууль зүй, дотоод хэргийн яамны түвшинд батлагдах эрх зүйн хэм хэмжээний актуудыг шуурхай боловсруулж, батлуулах.

 

  • Бүс нутаг, хил залгаа орнуудын хэмжээнд терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, улсын хилээр хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах, зэвсэг галт хэрэгслийг хууль бусаар нэвтрүүлэх зэрэг зөрчлийн хамрах хүрээ өсч буй өнөөгийн нөхцөлд хил дамнасан гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоох, хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

 

  • Улсын хилээр зорчигч болон тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх ажиллагааг шуурхай, чирэгдэлгүй зохион байгуулж, хилийн боомтын аюулгүй байдлыг найдвартай хангаж, хилийн боомт дээр гарч болзошгүй хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсооход үйл ажиллагаагаа төвлөрүүлэх.

 

  • Улсын хил хамгаалалт, шалган нэвтрүүлэх албаны үйл ажиллагаанд орчин үеийн өндөр технологи, зориулалт бүхий техник хэрэгслүүдийг өргөнөөр нэвтрүүлэх, энэ боломжийг бүрдүүлэх бүх талын арга хэмжээг авах.

 

  • Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагатай албыг зөвхөн хилийн албанд чин сэтгэлээ өгсөн хүн хашиж чаддагыг анхаарч, хүний нөөцийг сонгох, сургаж бэлтгэхэд онцгой анхаарал хандуулж ажиллахын хамт албаа урвуулан ашиглах, эрх мэдлээ хэтрүүлэх, иргэдтэй зохисгүй харьцах явдалтай хил хамгаалах байгууллагын удирдлага эвлэрэхгүй тэмцэхийг үүрэг болгож байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Surtei ii
2017-03-10
Зочин:
Улсын хил дотор банк.даатгал гээд жинхэнэ авилгал явж өгнө
2017-03-09