“Азтай бадарчин”-г өнөөдөр тодруулна
2017-04-03

 

Монголын хошин урлагийн продакшнууд шилдгүүдээ өнөөдөр тодруулна.

 

Инээдмийн баяраар хошин урлагийн үе үеийн уран бүтээлчид, шог зохиолч, зураачид, элэглэгчид, хошин урлагийн продакшнууд нэгэн тайзнаа чуулж, уран бүтээлүүдээ үзэгч олонд толилуулдаг уламжлалтай. харин энэ жил  “Азтай бадарчин” хошин урлагийн их наадмыг зохион байгуулахаар зэхсэн байна. Энэхүү наадмаар “Шилдэг эрэгтэй жүжигчин”, “Шилдэг эмэгтэй жүжигчин”, “Шилдэг шог зураг” зэрэг номинацийн эздийг тодруулах юм.

 

Шилдгүүдийг олон нийтийн санал хураалтаар тодруулах ажээ. Шилдэгт “Шинэ үе” продакшны жүжигчин Л.Сөрөлт, “Эмоци” продакшны жүжигчин С.Тэмүүжин зэрэг залуу жүжигчин нэр дэвшсэн байна.

 

Түүнчлэн “Шилдэг үзүүлбэр”-ийн шалгаруулалт нь наадмын өдөр тайзнаа шууд явагдаж, үзэгчдийн саналаар тодрох ажээ.

 

Энэхүү наадмыг монголын хошин урлагийн академийн санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Соёлын төв өргөө хамтран зохион байгуулж буй  аж.

 

"Азтай бадарчин" наадмын шилдгүүд өнөөдөр 18:45-д Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин