13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ
2017-04-05

2017 оны 4-р сарын 04-ний Мягмар гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 48 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 321 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 240 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 13 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 7, мөргөлдсөн 2, онхолдсон 1 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 2 хүүхэд өртсөнийг шалгалтын ажиллагаа явуулж байна.  

 

2017 оны эхний 3 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн 17 хэрэг бүртгэгдсэн байна. Мөн улсын хэмжээнд эхний 3 сарын байдлаар зам тээврийн осол, хэргийн улмаас 95 хүний алтан амь нас үгүй болсны цаана 150 орчим айл өрх хагацал үзэж, мөн тооны иргэд гэмт хэрэгтэн болж, зам тээврийн ослын улмаас 262 хүн гэмтэж бэртэн хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөр эрхлэх чадвараа алдаж бусдын гар харан амьдрах нөхцөл байдалд хоцорч байгаа нь мөн тооны айл өрхийн амьжиргааны түвшинд нөлөөлөх сөрөг үр дагаварыг дагуулж байна.

 

Иймд жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол өөрийн болон бусдын амь насыг хамгаалж жолооны ард суухаас татгалзах, мөн уусан найздаа жолоо барих боломж олгохгүй байж, найдвартай дуудлагын такси, жолооч дуудах зэрэг арга хэмжээ авахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

 

П.Баяр

 

Shuud.mn
Сонин хачин