Төрийн ажлыг “чөлөөт цаг”-аараа хийдэг улстөрчидтэй танилц
2017-04-06

 

УИХ-ын гишүүний үндсэн үүрэг юу вэ. Мэдээж энэ асуултад хамгийн түрүүнд ард түмний төлөөлөл байх гэдэг хариулт өгөх хүн олон бий. Гэхдээ төлөөлөл юу хийх вэ гэдэг асуулт дахиад л урган гарч ирнэ. Ард түмний төлөөлөл гэдэг тойргийнхоо иргэдэд баруун солгойгүй мөнгө тарааж, дараагийн сонгуульд ялахын тулд “тойглох” хэмээн зарим нэг улстөрчид хариулж мэдэх л юм.

 

Гэвч цагаан цаасан дээр хараар ард түмний төлөөлөл болж сууна гэдэг нь иргэдийн амьдралд хэрэгтэй хуулийн төсөл санаачилж, тэдний амьдралд тулгамдсан асуудлыг ярилцаж хэлэлцэж, тодорхой шийдэл гаргах хэмээн бичээд өгчихсөн байгаа. Харамсалтай нь үндсэн үүргээ ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй улстөрчид парламентад цөөнгүй байна. Зарим нь ч аргагүй шинэхэн, дөнгөж УИХ-д орж ирсэн байж болно. Гэхдээ мэдэхгүй байлаа гээд хуралдаанаа тасалж, танхимын “буг” болж суух хэрэггүй байлтай.

 

Сурч судалж, бүүр боломгүй бол зөвлөх аваад ч болов төр түшилцэх ажилдаа суралцах учиртай юм. Хатуухан хэлэхэд, манай залуу улстөрчид сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүний ажлыг “чөлөөт цаг”-аараа хийж байгаа нь худлаа биш. Хуралдаа суудаг хүн ч ховор болсон. Гэтэл эсрэгээрээ хамгийн идэвхтэй суудаг ахмадууд байдаг. Өмнөх парламентад гэхэд л УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, А.Бакей нарын цөөн гишүүн чуулганд нэг ч өдөр таслалгүй суусан хэмээн ирцийн мэдээлэл олонд ил болж байлаа. Гэтэл эсрэгээрээ Б.Наранхүү нарын залуу гишүүд хуралдаа суугаагүй, үг хэлээгүй, тасалсан тоогоороо тэргүүлж байсан билээ.

 

 

Ахмад улстөрчид нь төрийн ажил гэж юу болохыг ойлгож, хариуцсан ажилдаа ямархуу чин сэтгэлээр хандаж буйг залуу үе маань хараад суралцах ёстой юмсан. Харамсалтай нь тэд хүсдэггүй аж. Төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр хийж, түмэн олныхоо төлөө ажиллана хэмээн тангараг өргөсөн атлаа чөлөөт цагаараа ажил хийж буй эрхэм гишүүдтэй хариуцлага ярьдаг тогтолцоо өнөө хэр байхгүй. Хаа нэгхэн хэвлэлээр шүүмжилж, эс бөгөөс УИХ-ын дарга ил тод яриад өнгөрдөг. Гэвч шүүмжлэлийг хүлээж аваад, хуралдаа сууж, чуулганы ирцдээ бүртгүүлдэг нь цөөхөн.

 

Одоо бүрдээд байгаа парламентад ч ялгаагүй дандаа л залуус хурал тасалж, чуулганы ирцээс хоцорч, танхимын “буг” болон сууж байна. Хуралдаа нэг ч удаа суугаагүй атлаа 21 аймгаар тойрч УИХ, Засгийн газрын бодлого үйл ажиллагаа танилцуулаад явж байгаа залуу гишүүн ч байгаа. Юу ойлгож, мэдсэн гэж малчдад хууль тайлбарлаж явааг ойлгох арга алга. Энэ мэтээр төрийн ажлаа умартсан улстөрч нэртэй “бор халзан хонь”-уудтай уншигч таныг танилцуулъя.

 

Монгол төр хуулиар хариуцлага хүлээлгэж чадахгүй ч монголчууд өөрсдөө дүн тавьж чадна. Тиймээс энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аар намрын чуулганы хугацаанд хууль тогтоох, боловсруулах үндсэн ажлаа “чөлөөт цаг”-аараа хийж буй, энгийнээр хэлбэл үндсэн ажилдаа хариуцлагагүй хандсан төрийн түшээдтэй та бүхнийг танилцуулж байна. Бид хэн нэгний нэр хүндэд халдахыг хүссэнгүй. Албан ёсны баримтад тулгуурлан энэхүү сурвалжлагаа бэлтгэсэн гэдгээ онцолж байна. УИХ-аас гаргасан албан ёсны тоо баримтад тулгуурлалаа.

 

Танхимын “горилл” топ 10

 

  • Жагсаалтын нэгдүгээрт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оржээ. Тэрбээр, Гүйцэтгэх засаглалын тэргүүний ажилдаа хэт анхаарч сэлэнгэчүүдийн төлөөлөл гэдгээ умартсан бололтой. Үг хэлсэн удаа 0, үг хэлсэн минут 0, асуулт асуусан минут 0 хэмээн бүртгэгдсэн байна. Харин Засгийн тэргүүний хувьд хамгийн их ярьсан, үг хэлсэн гишүүн байж таараа.
  • Жагсаалтын хоёрдугаарт, УИХ-ын дарга М.Энхболд орж байна. Түүний хувьд гишүүний хувиар бус УИХ-ын даргын хувиар алх цохих ажил хийдэг учраас хуулийн төслийн талаар хөндлөнгөөс байр сууриа илэрхийлэх боломжгүй гэнэ.
  • Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр чуулганд нэг ч үг хэлээгүй, нэг ч удаа хуралдаанд сууж асуулт асуугаагүй хэмээн бүртгэгджээ. Жагсаалтад түүний үг хэлсэн, асуулт асуусан тоог 0, 0 хэмээн тэмдэглэжээ. Гэхдээ түүний хувьд сайдын хувиар маш олон удаа асуулт асууж, үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг учраас илэрцэд гишүүний хувиар бус сайд гэдгээрээ бүртгэгдсэн хэрэг биз ээ.
  • Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Г.Солтан хэмээх шинэхэн “сурагч” оржээ. Мөн л үг хэлсэн удаа байхгүй. Үг хэлсэн минутгүй. Хуралдааны үеэр асуулт ч асууж үзээгүй хэмээн тэмдэглэсэн байх аж.
  • Жагсаалтын тавдугаарт, УИХ-ын гишүүн С.Батболд орсон байна. Эрхэм гишүүн эртнээс л хууль тогтоох ажилдаа хойрго хандаж ирсэн. Өмнөх парламентад ч ийм дүнтэй байсан. Тэрбээр, нэг ч удаа үг хэлээгүй, нэг ч удаа минут аваагүй бол ганцхан удаа асуулт асуужээ.
  • Зургадугаарт, УИХ-ын гишүүн Д.Мурат жагслаа. Үг хэлсэн 0, үг хэлсэн минут 0 байгаа бол харин асуулт асуусан тоо нь хоёр байгаа юм.
  • Долдугаарт, УИХ-ын мөн л шинэхэн гишүүн А.Ундраа багтав. Тэрбээр, нэг удаа үг хэлэх эрх авч, таван минут үг хэлсэн бол чуулганы танхимд нэг ч удаа асуулт асуугаагүй хэмээн бүртгэгдсэн байна.
  • Наймдугаарт, УИХ-ын гишүүн Б.Батзориг орлоо. Тэрбээр, нэг удаа үг хэлж, таван минут үг хэлж, хоёр удаа асуулт асуусан байх аж.
  • Есдүгээрт, “Алдарт” УИХ-ын гишүүн Б.Наранхүү бичигдлээ. Тэрбээр, хоёр л удаа үг хэлэх эрх авч, таван минут үг хэлсэн бол хоёр удаа бусад гишүүдээс асуулт асуусан байна.
  • Жагсаалтын аравдугаарт, УИХ-ын гишүүн Л.Энхболд багтлаа. Өмнийн говийн ард түмнийг төлөөлж орж ирсэн залуу улстөрч нэг удаа үг хэлэх эрх авч, дөрвөн минут үг хэлсэн бол дөрвөн удаа асуулт асуужээ.

 

Д/д

Гишүүдийн нэрс

Үг хэлсэн

/удаа/

Үг хэлсэн

/минут/

Асуулт асуусан

/удаа/

1

Ж.Эрдэнэбат 

0

0

0

2

М.Энхболд

0

0

0

3

Н.Номтойбаяр

0

0

0

4

Г.Солтан

0

0

0

5

С.Батболд

0

0

1

6

Д.Мурат

0

0

2

7

А.Ундраа

1

5

0

8

Б.Батзориг 

1

5

2

9

Б.Наранхүү

2

5

2

10

Л.Энхболд

1

4

4

 

Танхимын хамгийн их “хичээлээ таслагч”

 

 

-Жагсаалтыг УИХ-ын гишүүн Б.Наранхүү тэргүүлэв. Тэрбээр, 34 хуралдаанаас 24-ыг тасалж 10 удаа л хуралдаа суусан байна. Үүнээс гадаадад дөрөв, орон нутагт зургаа, хоёр удаа чөлөө авсан бол 12-т нь ямар ч шалтгаангүй тасалсан байх аж.

 

-Хоёрдугаарт, Хэнтий нутгийн төлөөлөл, хамгийн залуу гишүүн Д.Гантулга өнгөллөө. 34 хуралдаанаас эрхэм залуу гишүүн 14-д л суусан байх аж. 20 хуралдааны тавд нь гадаадад, долоод нь орон нутагт, гуравт нь чөлөөтэй, хоёрт нь эмнэлгийн чөлөөтэй, мөн хоёрт нь шалтгаангүй тасалсан бол мөн хоёр удаа хоцорсон байх юм.

 

-Гуравдугаарт, УИХ-ын гишүүн О.Содбилэг 19 хуралдаанд суугаагүй шалтгаанаар багтжээ. Гадаадад дөрөв, орон нутагт хоёр, чөлөөтэй найм, эмнэлгийн чөлөөгөөр хоёр, шалтгаангүйгээр гурван удаа тасалж 19 удаагийн хуралдааныг өнгөрүүлсэн байх аж. Мөн өглөө 09.00 цагт эхэлдэг хурлаасаа эрхэм гишүүн дөрвөн удаа хоцорчээ.

 

-Дөрөвдүгээрт, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат багтлаа. Эрхэм гишүүн 17 хуралдааныг тасалжээ. Түүний хувьд намын даргын сонгуульт ажлаар бүтэн сарын хугацаанд чөлөө аван 21 аймгийг тойрсон. Тиймдээ ч есөн удаа чөлөөтэй, нэг удаа орон нутагт, эмчилгээний чөлөө хоёр авчээ. Мөн шалтгаангүй тасалсан нь тав хэмээн бүртгэгдсэн байна.

 

-Айргийн тавд, мөн л Сэлэнгэ нутгийн төрийн түшээ Ж.Эрдэнэбат багтжээ. Түүний хувьд 34 удаагийн хуралдаанаас 16 хуралдааныг тасалжээ. Нийт 14 удаа хуралдаанаас чөлөө авч танхимын бүх гишүүдээ тэргүүлэв. Харин үлдсэн хоёрт нь орон нутагт ажиллаж байжээ.

 

-Жагсаалтын зургадугаарт, С.Батболд орж байна. 34 хуралдаанаас 16-д нь оролцоогүй тоон мэдээ гарчээ. Үүнээс орон нутагт нэг, чөлөөтэй гурав, эмийн чөлөөгөөр ес, шалтгаангүй гурав тасалсан бол хуралдаанаас 15 удаа хоцорч, танхимаа тэргүүлжээ.

 

-Долдугаарт, Булган хангайн төрийн түшээ Ж.Бат-Эрдэнэ жагслаа. Мөн л 34 хуралдааны 16-д нь оролцоогүй байх аж. Эрхэм гишүүний хувьд хуралдааны ихэнх хугацаанд буюу найман удаа гадаадад аялж, ажиллаж хурлаа орхисноороо танхимаа тэргүүлэв. Мөн орон нутагтаа ажиллаж байхдаа дөрөв, чөлөө авч дөрвөн хуралдааныг өнгөрүүлжээ. Мөн чуулганы хуралдаанаас дөрвөн удаа хоцорсон байх юм.

 

-УИХ-ын гишүүн, Дархан-Уул аймгийн төрийн төлөөлөл Б.Жавхлан хэмээн шинэхэн улстөрч жагсаалтын наймдугаарт бичигдэв. Тэрбээр, 15 хуралдаанд оролцоогүй байна. Гадаадад аялж, ажиллах шалтгаанаар долоон хуралдааныг өнгөрүүлсэн бол шалтгаангүйгээр гурван хурал тасалсан байх аж. Мөн орон нутагт нэг, чөлөөтэй гурав, эмчилгээний чөлөөгөөр нэг хурал суугаагүй бол чуулганы хуралдаанд гурван удаа хоцорч орсон байх юм.

 

-Жагсаалтын есдүгээрт, эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан багтлаа. Мөн л 15 хуралдаанд оролцоогүй байна. Гадаадад хоёр, орон нутагт тав, чөлөө авч тав, эмчилгээ хийлгэж гурван хуралдааныг тус тус “тасалсан” бол, хуралдаанаас нэг удаа хоцорсон байх юм.

 

-Зохиолын дууны ханхүү, МУГЖ С.Жавхлан гишүүн жагсаалтын аравдугаарт бичигдэж байна. Түүний хувьд 14 хуралдаанд оролцоогүй байх аж. Үүнээс ямар ч шалтгаангүйгээр 11 удаа тасалж, Б.Наранхүү гишүүний араас бичигдлээ. Харин найман удаа хуралдаанаас хоцорч хоцордог гишүүдийн гуравдугаарт орсон байх аж. Нэг удаа чөлөө авч, хоёрт нь орон нутагт ажиллаж байхад чуулган хуралдаж өнгөрчээ.

 

 

Байнгын хороодын хуралдаан тасалсан ирцээр араасаа “тэргүүлэгчид”

 

УИХ-ын хууль тогтоох ажлын нэн чухал дамжлага бол байнгын хороодын хуралдаан. Хууль боловсруулах, хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд идэвхтэй байх тусмаа хууль чанартай гардаг. Гэтэл нэг, хоёрхон улстөрч суучихаад хуулийг хэлэлцэж, дэмжиж чуулганы хуралдаанд оруулж ирэх нь цөөнгүй. Тэгвэл байнгын хороодын хуралдаанаа шалтгаангүйгээр тасалсан ирцээрээ тэргүүлж буй гишүүдийг ч бид жагсаалтаар танилцуулж байна.

 

  1. УИХ-ын гишүүн Б.Наранхүү тодорхой бус шалтгаанаар 32 удаа хуралдаанаа тасалжээ. Тэрбээр, Төрийн байгуулалт /ТББХ/, Аюулгүй байдал, гадаад бодлого /АБГББХ/, Төсвийн байнгын /ТБХ/ хороонд тус тус харьяалагддаг.
  2. С.Эрдэнэ шалтгаангүй 25 удаа байнгын хорооны хурлаа тасалжээ. Түүний хувьд Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан /НББ, Хуульзүйн байнгын хороодод харьяалагддаг.
  3. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 22 удаагийн байнгын хорооны хуралдааныг тасалжээ. Эрхэм гишүүн Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд тус тус харьяалагддаг аж.
  4. Самандын Жавхлан гишүүн жагсаалтын дөрөвдүгээрт жагслаа. Тэрбээр, 13 хуралдааныг шалтгаангүй тасалжээ. Түүний хувьд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны хороод бүртгэлтэй билээ.
  5. УИХ-ын Ж.Батзандан 13 хуралдааныг тасалжээ. Төрийн байгуулалт, Төсөв, Хуульзүйн байнгын хороонд тус тус харьяалагддаг.
  6. О.Содбилэг гишүүн мөн л байнгын хорооны хуралдааныг тасалсан тоогоор дээгүүрт бичигдлээ. Түүний хувьд Аюулгүй байдал, гадаад бодлого, Төрийн байгуулалтын байнгын хороонд тус тус харьяалагддаг бөгөөд нийт 10 удаа тасалсан аж.
  7. Завхан нутгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Я.Санжмятав байнгын хорооны хуралдаанаа 10 тасалжээ. Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодод харьяалалтай билээ.
  8. Жагсаалтын наймдугаарт, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн оров. Тэрбээр, есөн хуралдааныг тасалжээ. Төсвийн байнгын хорооны ирц бүрэн ч Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хуралдаанаа шалтгаангүй тасалсан байх юм.
  9. УИХ-ын ахмад гишүүдийн нэг Ө.Энхтүвшин хоёр байнгын хорооны хуралдаанаа долоон удаа тасалжээ. Түүний хувьд Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороодод бүртгэлтэй юм.
  10. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар долоон удаагийн таслалтаараа сүүл мушгив. Тэрбээр, Хуульзүй, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралд суудаг юм байна.

 

Ж.Отгонмягмар

Б.Өнөртогтох

 

Эх сурвалж: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Dravaisan:
XAXA iim hun hognuudiig songochihood odoo yahavdee hohinee l gehees, naaduul chine ta nariin umnuus huruugaa ch hudulguhgui, baliar zavaan tsaashaa zailtsgaa l gene
2017-04-06
ard:
eneNARANHUU.BOLON EGCH SARANCHIMEG NARIIG MUNGUURSONGUULD ORJ SUUJ BOLDGIIG ARD TUMEN HARJ BNA.
2017-04-06