Төрийн буруугаас компаниуд цөхөрдгийг болиулах хэрэгтэй
2017-04-12

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг дагалдах хуулийн төслүүдийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, гишүүдийн   асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулав.

 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

 

-100 хувь тэглэсэн байсан "приус" маркийн машины татварыг 50 хувь оногдуулахаар оруулж ирснийг дэмжихгүй байна. Энэ маркийн машин иргэдийн хэрэглээнд нэвтэрсэн. Онцгой албан татвартай болгосноор хэдэн төгрөгийн орлого төсөвт төвлөрөх вэ?

 

-Хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр болон цахилгаан тэжээлт автомашинд онцгой албан татвар оногдуулснаар 2017 онд 32,3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ хэмээлээ.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-Цахилгаан эх үүсвэртэй машиныг бусад улс орнууд урамшуулж байхад манай улс яагаад татвар тавьж байна вэ?

 

-Хос тэжээлт машины хэрэглээнд бусад улс орнууд урамшуулал олгодог ч татвартай байдаг. Өөрөөр хэлбэл, манай улс шиг 100 хувийн татварын хөнгөлөлт үзүүлдэггүй. Тиймээс 50 хувиар тооцож татвар авахаар болж байна.

 

Автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг хасах тухай З.Нарантуяа гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг байнгын хорооны гишүүд дэмжээгүй юм. 

 

Векселиэр ажил гүйцэтгүүлэх асуудалд гишүүд болгоомжтой хандаж байлаа. Учир нь  гүйцэтгэгч компаниуд аж ахуйн нэгжүүдээр ажлаа хийлгэчихээд санхүүжилтийг нь өгдөггүй. Үүний улмаас тухайн компани дампуурах асуудал үүсдэг байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Аж ахуйн нэгжүүд төрөөс ажил авчихаад өөрсдийн хөрөнгөөр гэхээсээ банкнаас зээл аваад ажлаа хийдэг. Гэтэл банкны хүү өсөөд байдаг, төр тухайн компанийн мөнгийг нь өгдөггүй. Цаашдаа Төсвийн байнгын хороо шийдвэрээ гаргаад ажлаа хийлгэсэн бол ажил хийлгэсэн компанид эх үүсвэрийг нь шуурхай шилжүүлэх ёстой. Гэтэл банкнаас зээл авчихаад төрөөс мөнгөө авч чадахгүй дампуурсан тохиолдолд байна. Төрийн буруугаас аж ахуйн нэгжүүд цөхөрдөг асуудлыг болиулах хэрэгтэй.   Жишээлэхэд , Баянхонгорын чиглэлд зам барьсан компани баларсан. Замаа хүлээлгэж өгөх гэхээр хажуугаар нь өнгөрч гараад, дарга нар нь баригддаггүй. Ажлаа хийлгээд хүлээлгэж авсан бол мөнгийг нь өгдөг байх хэрэгтэй хэмээлээ. 

 

Харин гишүүн Б.Баттөмөр "Аж ахуйн нэгжээр ажил хийлгэсэн бол төр мөнгийг нь шуурхай шийдэх хэрэгтэй. Яагаад гэхээр банкны хүү өсөөд, тухайн компани алдагдал хүлээдэг. Мөн векселиэр гүйцэтгүүлэхээр болсон ажлын төсөв явцын дунд нэмэгддэг. Үүнийг хуулиндаа тодорхой тусгах шаардлагатай" гэсэн юм. 

 

Мөн төсвийн Ерөнхийлөн захирагч нарын төсөв энэ оны тодотолд нэмэгдэхээр оруулж ирсэн билээ. Нэмэгдсэн зардлыг хасч 2017 оны улсын төсвийн батлагдсан хэмжээнд байлгахаар ажлын хэсэг санал оруулжээ. Байнгын хорооны гишүүд энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин