2.7 тэрбум төгрөгөөр наадамлана
2017-04-12

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдлаа. Баяр наадмыг зохион байгуулах салбар хороодоос нийт 4 тэрбум 376.5 сая төгрөгийн зардлын санал ирүүлснээс наадмын нийт төсвийг 2 тэрбум 769.9 сая төгрөг байхаар тооцжээ.

 

Өнөөдрийн хуралдаанаар  наадмын төсвийг асуудлыг нэгтгэснээр Засгийн газрын хуралдаанд оруулан эцэслэн батлах юм. Өнөөгийн тооцооллоор Үндэсний баяр наадмын зохион байгуулах нийт зардал нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр буурсан байна.  Шадар сайд У.Хүрэлсүх:

 

Үндэсний их баяр наадам бол жилдээ ганц удаа  болдог Монгол түмний баяр. Тиймээс төрийнхөө их наадмыг бид сайн зохион байгуулах ёстой. Гэхдээ засаг төр мөнгө багатай байгаагийн зовлонг бас ойлгох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэгчлэн төсөвтөө тааруулаад, чанартай сайн зохион байгуулах зорилгоор бэлтэл ажлаа сайтар базаа. Шаардлагатай газруудад  зохион байгуулах комисс очиж ажиллаж, бодит байдалтай талилцаарай хэмээлээ.  

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл% урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналуудыг хуралдаанд танилцуулав. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсан нь дэмжигдэв.  Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.

 

Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа аж. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг байна. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сурын харваа үзэх нөхцөл байдал үүсдэг байна. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулжээ. Уг асуудлыг нийслэлээс газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болсон юм.

 

Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж.

 

Энэ жилийн наадмын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулах юм байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Sotsializmaa sanagalzsan gajig neelt bno biz..
2017-04-12