Иргэдийг 85 сая төгрөгийн мэс заслын төлбөрөөс чөлөөллөө
2017-05-05

Манай улсад өнөөдрийн байдлаар элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Элэгний хорт хавдар, хатуурлын улмаас манай улсад жилд дунджаар 2600 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас зургаа дахин их үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийсэн түүвэр судалгаанаас үзвэл манай улсад хепатитийн В, С вирүсийн архаг халдвараар 500 мянга орчим хүн өвчилсөн ба үүнээс 30 мянга орчим нь элэгний хатууралтай байх магадлалтай байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

 

Иймд элэгний өвчлөлийг эрт үед нь оношлох, элэгний хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг эхлүүллээ. Хөтөлбөрийн нээлт өнөдөөр Сүхбаатарын талбайд боллоо. Арга хэмжээний нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг манай улс 2011 оноос хийж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 35 хүнд элэг шилжүүлэн суулгажээ. Манай улс элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 85 сая төгрөгийн өртөгтэйгөөр хийж ирсэн. Цаашид энэхүү мэс заслын зардлыг төрөөс хариуцахаар болсон. Төр зардлыг нь даасан элэг шилжүүлэн суулгах анхны хагалгааг энэ сарын 12-ны өдөр иргэн Ш.Мөнхжаргалд амжилттай хийгээд байгаа юм.

 

Жилд дунджаар 30 орчим хүн санхүүгийн болон донорын хүртээмжгүй байдлаас болж элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж чадахгүй хүлээгдэж буй мэдээ бий. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг үнэ төлбөргүй болгож өгснөөр олон хүнд амьдрах итгэл, найдвар бэлэглэсэн явдал болсон. Эрт үед нь элэгний эмгэгийг эмчилснээр элэг шилжүүлэн суулгах хэмжээнд хүрээд хүндрэхгүй. Бидний тооцооллоор 2025 оноос хойш элэгний мэс засал буурна гэж үзэж байна. Одоогоор бол өвчтэй хүмүүс нэлээд их байгаа тул 2025 он хүртэл эрэлт хэрэгцээ нэлээд өндөр байна” гэж Элэг шилжүүлэн суулгах үндэсний хөтөлбөрийн багийн ахлагч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн хэллээ.

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нарын баг болон ЭХЭМТ, Солонгос улсын “Асан” анагаах ухааны төвийн хамтарсан баг долоон настай охинд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах хагалгааг дөрөвдүгээр сарын 22-нд хийсэн. Охины аав П.Лхагвасүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

 

П.Лхагвасүрэн: Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байгаа

 

-Охины биеийн байдал ямар байгаа вэ?

 

-Охины маань биеийн байдал маш сайн байна. Ээж нь охиндоо донор болсон. Ээж охин хоёрын биеийн байдал маш сайн байгаа. Төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Алтан гарт эмч нартаа баярлалаа. Манай эмч нар чадвартай гэдгийг энд хэлмээр байна.

 

-Мэс заслын төлбөрийг төр засгаас даасан уу?

 

-Хагалгааны төлбөр 70 сая төгрөг болсон. Бидэнд нэгдүгээр сарын 23-наас эхлээд олон сайхан сэтгэлтэй хүмүүсийн хандив тусламжаар 30 орчим сая төгрөг цугларсан.  Бусад төлбөрийг ТББ, хувь хүмүүс, Эрүүл мэндийн яам зэрэг олон хүний тусламжаар бүрдсэн. Монголын сайхан сэтгэлт хүмүүс мөнгө болон эмийн хэрэгслийн материалаар тусалсан. Тэр бүх хүнд маш их баярлалаа.

 

-БНСУ-д хагалгаа хийлгэх бодол байв уу?

 

-БНСУ-д хагалгаанд оруулах бодол огт төрөөгүй. Солонгост хагалгаанд ороход өртөг нь маш өндөр юм билээ.

 

-Охин мянгад нэг тохиолдох өвчнөөр өвдсөн гэж сонссон?

 

-Тийм ээ. Охин маань 2010 онд нярай үедээ шарлалт нь арилахгүй, улмаар бие нь шар, нүд нь ногоон туяатай байсан учраас гурван сартайд нь эмчид хандаж улмаар төрөлхийн цөсний замын битүүрэлтэй болсон. Бид ЭНЭМҮТ-д цусны суваг нээлгүүлэх хагалгаанд орсон. Тухайн үед бид элэг шилжүүлэн суулгахгүй бол урт наслахгүй гэдгийг мэдэж байсан ч мөнгөний боломжгүй байсан. Эцсийг нь тулгаж байж мэс засал хийлгэсэн ч хагалгаа амжилттай болсонд баярлаж байна.  Монголд дахиад ийм өвчтэй хүүхэд битгий төрөөсэй.

 

Энэ хагалгаа нь манай улсад хийгдэж буй элэг шилжүүлэн суулгах 34 дэх удаагийн хагалгаа бөгөөд хүүхдэд хийж байгаа гурав дахь хагалгаа болсон. Охины хагалгааны зардалд нийт 75 сая төгрөг зарцуулагдсан бөгөөд 70 орчим хувийг Эрүүл мэндийн яамны төсвөөс гаргажээ.

 

Монголчуудын дунд элэгний эмгэг, тэр дундаа элэгний хатуурал, халдвар түгээмэл байдаг. Элэгний эмгэг эцсийн шатанд орохоор элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Элэгний өвчлөлийн гол тэргүүлэх шалтгаан нь элэгний В, С вирусийн халдвар. Мөн төрөлхийн цусны замын битүүрэл, элэгний анхдагч халдварууд Монгол улсад зонхилж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газраас "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 40-65 насны иргэдэд элэгний В,С вирусын үзлэг шинжилгээ хийх, ЭМД-ын сангаас таван төрлийн эм бэлдмэлийг хөнгөлөлттэй үнээр олгох, элэг шилжүүлэн суулгах хагалгааг үнэ төлбөргүй хийхээр болжээ.

 

 “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд:

 

  • 2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний В,С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах

 

  • Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирүс тоолох шинжилгээнд хамруулах

 

  • Хэрэв элэгний В,С вирүс тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэд байвал элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрт илрүүлэг үзлэгт орж буй зорилгто бүлгийн хүнд элэгний ЭХО, хавдрын марер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийх,

 

  • Вирүс тоолох шинжилгээгээр вирүсийн архаг тээгч эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулах, элэгний архаг өвчтэй болон элэгний вирүс тээгч хүмүүсийг эмчийн хяналтад бүрэн хамруулж, шаардлагатай оношилгоо, эмчилгээг зааврын дагуу хийх

 

 

  • Элэгний хорт хавдар илэрсэн хүмүүсийг Хавдар судлалын төв хорт хавдрын эмчилгээг удирдамжын дагуу хийх

 

  • Элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцах зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ үнэн бол их сайхан мэдээ байна! Ийм сайхан буянтай үйлсэд чинь өндөр амжилт хүсье! Баярлалаа!
2017-05-05