Францыг 39 настай залуу удирдана
2017-05-08

Эммануэль Макрон Францын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай Франц улс өчигдөр ирэх дөрвөн жил улсаа удирдах төрийн тэргүүнээ бүх нийтээрээ сонголоо.

 

Сангийн сайд асан, төвийн үзэл баримтлалтай Эммануэль Макрон нийт сонгогчдын 66.6 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ. Түүний гол өрсөлдөгч хэт барууны үзэлтэн “Үндэсний фронт” намын  дарга Марин Ле Пен 33.94 хувийн санал авсан байна. Хэрвээ Марин Ле Пен ялалт байгуулсан бол тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн болох байсан.

 

Францын шинэ Ерөнхийлөгч Эммануэль Макрон өдгөө 39 настай бөгөөд тус улсын түүхэнд сонгогдсон хамгийн залуухан төрийн тэргүүн боллоо. Макрон улстөрийн арвин туршлагатай нэгэн бөгөөд “Хүчирхэг, аюулгүй Франц улсыг бий болгоно” хэмээн сонгогчдоо амласан юм. Мөн тус улс 1958 оноос хойш анх удаагаа эрх баригч хоёр намаас Ерөнхийлөгч сонгогдоогүй анхны тохиолдол боллоо.

 

Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараахан Макрон “Францын түүхийн шинэ хуудас эргэлээ. Олон хүн намайг нэр дэвших хэрэггүй хэмээн зөвлөж бас ятгаж байсан. Гэхдээ би шинэчлэлийн төлөө нэр дэвшихээр болсон. Миний дэмжигчид баярлаж байна. Энэ ялалт бол та бүхний ялалт билээ” хэмээн мэдэгджээ. Макроны олон мянган жагсагч Парис хотын төв дэх Луврын музейн өмнө баярын жагсаал зохион байгуулсан байна.

 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийг сурвалжлахаар гадаад, дотоодын 2500 гаруй хэвлэлийнхэн ажиллажээ. Санал хураалтын үеэр элдэв үймээн, халдлага гарахаас урьдчилан сэргийлж, нийслэл хотноо 10 мянга гаруй цагдаагийнхан хамгаалалтад гарсан байна. АНУ, Их Британи тэргүүтэй дэлхийн 30 орны тэргүүн Францын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Макрон, Марин Ле Пен нар өнгөрөгч долоо хоногт 160 минутын турш халз мэтгэлцсэн билээ. “Нийт үзэгчдийг 100 хувь гэж үзвэл 54.7 хувь нь Макроныг дэмжсэн” хэмээн төв телевизээс мэдээлжээ.

 

Халз мэтгэлцээний үеэр Макрон “Франц улсыг эмэгтэй хүн удирдах хэтэрхий эрсдэлтэй " гэсэн бол Марин Ле Пен “Энэ улсыг ийм залуухан хүн удирдах нь эмэгтэй төрийн тэргүүнтэй болохоос илүү эрсдэлтэй” гэсэн юм. Макрон энэ улсыг удирдахад нас хамааралгүй гэдгийг мэдэгдсэн юм. Халз мэтгэлцээний дараа Макроны рейтинг 48.7 хувиар өссөн аж. Сүүлийн үед Франц улсад шашны туйлшрагчид халдлага үйлдэх нь ихэссэн. Парис хотноо 2016 онд халдлага болж, 130 хүн амиа алдсан билээ.

 

Макрон “Францын хамгаалалтыг нэмэгдүүлэхээс гадна зарим нэг шашны төлөөлөлтэй хэлэлцээр байгуулна” гэж мэдэгджээ. “Марин Ле Пен Ерөнхийлөгч болбол энэ улсаас аюул заналхийлэл салахгүй” хэмээн Макрон мэдэгдсэн нь олныг гайхшруулсан билээ. Учир нь Марин Ле Пен “Ерөнхийлөгч болбол бүх исламын шашинтнуудыг эх орноосоо хөөж гаргахаас гадна Францын газар нутагт үйл ажиллагаагаа явуулж буй исламын сүмүүдэд тавих хяналтаа нэмэгдүүлнэ” гэсэн юм. Макрон 36 настай байхдаа тус улсын Сангийн сайдаар сонгогдсон билээ. Хамгийн залуухан улстөрч гэх тодотголтой тэрбээр үргэлж олны анхаарлыг татдаг. 2010 оноос хойш тэрбээр улс болон олон улсын сэтгүүлүүдийн тодруулдаг “Халуухан 100 улстөрч” шалгаруулалтад багтах болсон. Мөн түүний хувийн амьдрал улстөрийн амьдралаас нь илүү олны анхаарлыг татдаг гэхэд болно. Учир нь түүний эхнэр өөрөөс нь 24 насаар эгч.

 

 

Макрон 16 настай байхдаа эхнэртээ дурлажээ. Францын ирээдүйн Ерөнхийлөгч багадаа Амьен дунд сургуулийг төгсчээ. Уг сургуулийн театрын багшаар шинэхэн Тэргүүн хатагтай Брижит ажилладаг байжээ. Макрон эхнэртээ анхны харцаар дурласан болохоо сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдсэн. “Би 16 настай байхад эхнэр минь хэдийнэ 40 нас хүрчихсэн байсан. Гэхдээ хайр дурлалд нас хамааралгүй гэдгийг бид баталсан” гэж ярьсан аж. Брижит гурван хүүхэдтэй бөгөөд түүний хамгийн том охин нь Макроны нэг ангийн хүүхэд байсан гэнэ.

 

Макроны эцэг, эх дээрх харилцааг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хүүгээ Парис дахь сургууль руу явуулсан гэдэг. Хос 13 жил гэр бүлээсээ нууцаар болзсоны эцэст 2007 оны гуравдугаар сард хуримаа хийжээ. Хуримаа хийх үед Макрон 29 настай байсан бол  Брижит 53 настай байсан юм. Хувийн амьдралынхаа ачаар хурдан хугацаанд алдаршсан Макрон нэгэн хэвлэлд “Би гэр бүл болон ажлаа салгаж чадна. Би гэр бүлдээ үнэнч. Мөн ажилдаа ч үнэнч. Би энэ хоёрыг салгаж  чадна. Тиймээс надад санаа зоволтгүй” гэж мэдэгдсэн юм.

 

Макрон ийнхүү мэдэгдсэн нь учиртай. Учир нь албан тушаалаа хараахан хүлээлгэн өгөөгүй байгаа Франсуа Олланд төрийн тэргүүн болсныхоо дараахан эхнэр Валериагаасаа салсан юм.  Тэрбээр мөн жүжигчин бүсгүй Жюли Гайетай холбогдсон билээ. Олландын өмнөх Ерөнхийлөгч Николас Саркози мөн төрийн тэргүүн болсныхоо дараа эхнэрээсээ салж, жүжигчин Карла Брунитэй гэрлэжээ. Францын Ерөнхийлөгч нарын хувийн амьдрал тогтворгүй байдаг нь францчуудын дургүйцлийг хүргэдэг гэхэд болно. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Макрон ерөнхийлөгч болоод эмээгээ өөр нэг эмээгээр солих нь дээ.
2017-05-08
Зочин:
Franc EU d uldhen dee!
2017-05-08