Хог хаягдлын тухай хуулийг баталлаа
2017-05-12

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав.

 

Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болсон байна.Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгджээ.

 

Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа юм.

 

Япон Улсын ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо байдаг. Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75%-ийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг бөгөөд 15 орчим хувийг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн хогийн цэгт хүргэдэг, 5-10% нь цуглуулагдаж чадахгүй ил задгай хаягдаж байна. Үүнээс гадна хуучин автотээврийн хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортолж байгаа болон цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж байгаа.

 

Орон нутагт хог хаягдлыг байгаль орчинд халгүй арга технологиор булшлах, хогийн цэг байгуулах ажлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын хэмжээ бага, тавигдах шаардлага, стандарт байхгүй, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник тоног төхөөрөмж ихээхэн дутагдалтай байгаагаас шалтгаалан хог хаягдлын зүй зохистой менежмент хэрэгждэггүй.

 

Мөн зарим төрлийн хог хаягдал тухайлбал цахим болон цахилгаан хэрэгслийн, барилгын, хөдөө аж ахуйн болон хүнсний гаралтай хог хаягдлыг хэрхэн ямар арга замаар устгах, боловсруулах нь тодорхойгүй, энэ тал дээр хийгдсэн тооцоо, судалгаа, бүртгэл, мэдээлэл хангалтгүй байгаа юм.

 

Цаашид хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, булшлах үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын хог хаягдлын төвлөрсөн цэг байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах, сэргээн ашиглах үйлвэрлэлийг дэмжих, урамшуулах  замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж  байгалийн нөөц, баялгийг хэмнэх эрх зүйн орчинг бий болгох шаардлагатай үүссэн юм.  

 

Хог хаягдлын тухай хуулийн төсөлд нэр томъёог баяжуулан тайлбарлаж, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх үүргийг нарийвчлан, хог хаягдлын талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах, ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд болон байршлыг тогтооход тавигдах шаардлагыг тусгажээ.

 

Түүнчлэн аюултай хог хаягдлыг савлах, түр хадгалах, тээвэрлэх, устгах, хадгалах цуглуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх болон байгууламжийн байршилд тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэгчийг бүртгэн зөвшөөрөл олгох, хяналт шинжилгээ хийх, тайлагнах зэрэг аюултай хог хаягдлын менежменттэй холбоотой зохицуулалтыг шинээр оруулсан байна.

 

 Хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг эргүүлэн татаж цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах асуудлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь өөрсдөө хариуцаж байхаар хуулийн төсөлд шинээр тусгажээ.

 

 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгох түүнчлэн хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг чангатгах аар болсон байна.

 

Ингэснээр  хог хаягдлын цогц менежментийг бий болгон боломжит арга, технологи, байгальд ээлтэй практик нэвтрүүлэх,  хог хаягдлын боловсролыг иргэдэд олгох замаар зөв дадал, ухамсрыг төлөвшүүлэх, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж байгалийн нөөц баялгийг хэмнэх, дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжин булшлах хог хаягдлын хэмжээг бууруулах зэрэг ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзжээ.

 

Энэхүү хууль батлагдснаар Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзсэн байна. Уг хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

 

Дараагаар нь Нялх балчир хүүхдийн хүнс, хоол тэжээлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
sain huuli garah bolomhgui mergejilten dutna
2017-05-12