Он гарсаар газ үнэрлэж, хоёр хүүхэд нас баржээ
2017-06-08

Улсын хэмжээнд 2016 онд насанд хүрээгүй хүмүүсээс ахуйн хэрэглээний газ болон мансууруулах төрлийн бодис /гутлын тос, шар цавуу, бензин, эм бэлдмэл/ хэрэглэсэн гэх дуудлага мэдээлэл 30 бүртгэгдэж, 53 хүүхэд хохирсноос 5 хүүхэд нас барсан статистик мэдээ байна.

 

Харин  2017 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн дуудлага мэдээлэл 16 бүртгэгдэж, 25 хүүхэд хохирсноос хоёр хүүхэд нас баржээ.

 

Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэр, орон сууцны арын далан дээр нас барсан хүн байна гэх дуудлага өчигдөр /2017.06.07/ цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очих үед, тус хороонд оршин суух 14 настай эрэгтэй Т гэгч нас барсан байжээ. Хэргийн шалгалтын явцад хүү ахуйн хэрэглээний газ үнэрлэж мансуурсан байсан нь тогтоогдсон бөгөөд хэргийн газраас түүний үнэрлэж явсан газны сав олдсон аж.

 

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Иймд дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор насанд хүрээгүй хүмүүст ахуйн хэрэглээний газыг худалдан борлуулахгүй байхыг худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөж байна.

 

Мөн ахуйн хэрэглээний газ, мансууруулах төрлийн бодис хэрэглэх нь эрүүл мэнд, амь насанд хортой сөрөг үр дагавартай тул өсвөр насны хүүхдүүдэд хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин